“Хүн хүлээж авахгүй” байвал, ямар вэ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

“Хүн хүлээж авахгүй” байвал, ямар вэ

Аливаа зүйлийг олон хэлэхээрээ улиг болдог гэж ярьдаг. Гэхдээ нийслэлийн хэмжээнд гамшиг болоод байгаа тэгсэн хэрнээ холбогдох хүмүүс нь юу ч хийхгүй байгаа учраас дахин дахин хэлэхээс өөр аргагүй байгаа зүйл бол “Утаа, агаарын бохирдол” юм. Нийслэлийн агаарын бохирдол онц ноцтой байдалтай болоод удаж байгаа. Учир нь сүүлийн жилүүдэд ургийн эндэгдэл нэмэгдэх хандлагатай байна гэсэн мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт гарсан.  Монголын үрс өнөөдөр нэгээр нэмэгдэж нэгэн гэр бүл баярлах ёстой байтал төрөөгүй хүүхдээ алдаж байгаа олон эцэг эхийн зовлон утааг дахин дахин ярих шалтгаан болоод байна. Ер нь сүүлийн үед дан ганц ургийн эндэгдэл биш төрөлхийн гажиг, эрхтэн дутуу гэх мэт хүүхдүүд ихээр төрөх болсон. Энэ нь хотын агаарын бохирдолтой холбоотой юм.
Нийслэлд шилжин ирэгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Шилжин ирэгсэд танил талаа бараадан дуртай газраа ханаа шийрлэж, хашаагаа хатгаад л хотын иргэн болчихдог. Ялангуяа хотын захын Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд шингэдэг. Үүнийг өнгөрсөн сарын хүн амын тооллого хүн амтай дүүргээр тодорсон нь харуулж байна. Эдгээр дүүргүүд гэр хорооллын нягтаршил ихтэй. Ихэнх айлууд хашаандаа багадаа гэхэд гурван гэр  зарим газраа дөрвөөс дээш айл байх жишээтэй. Гэр хорооллын хашаа бол нэгээс хоёр айл байх зориулалттай. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж байгаа хэдий ч  энэ нь үнэн хэрэгтээ жинхэнэ эзэддээ хүрч чадахгүй байгаа. Гэр хорооллоос нэг айл орон сууц руу шилжин орж байхад цаана нь бас нэг айл гэр хороололд шилжин ирдэг. Ингэж хүн ам нэмэгдэх нь өвлийн улиралд нүүрсний хэрэгцээг нэмэгдүүлж хотын утааны 90 хувийг гэр хорооллын  утаа эзэлж байна гэсэн судалгаа гарсан. Агаарын бохирдолд диоксин хэмээх хорт бодис илэрч байна гэж мэргэжилтнүүд судалгаа гаргасан. Энэ нь цианы хорт бодисоос арав дахин их хортой бодис юм. Япон улсад нэг жилд диоксин 400 грам ялгарч байхад Монголд жилд 30 дахин ихээр ялгарч байгааг хотын агаарын бохирдлыг бууруулах асуудал нэртэй эрдэм шинжилгээний хуралаар хэлэлцэж байсан.  Диоксин нь болон тоосонцорт багтах хүнд металууд нь үр удамд нөлөөлөх  гажиг, эрхтэн дутуу хүүхэд төрхөд нөлөөлдөг аж. Нийслэлд нас барж байгаа гурван хүн дутмын нэг нь агаарын бохирдолоос угшилтай зүрх судасны өвчнөөр таалал төгсдөг гэсэн судалгаа гарч байсан. Энэ бүхэн үнэхээр нийслэлд дэд бүтэц хөгжихгүй байгаагийн хамгийн тод жишээ болоод байна.  Дэд бүтэц хөгжүүлнэ гэж гэр хорооллын бүх айлыг орон сууцжуулж байж утаагүй хот болно гэж яриад байгаа. Ойрын жилүүдэд энэ ажлыг хийх боломжгүй. Харин тэрний оронд дулааны шугаманд холбоод цахилгаан, дулааны үнийг хямдруулж айл бүр халаалттай болгох, утаагүй түлшний хэрэгцээг нэмэгдүүлэх,  ногоон байгууламж бий болгох,  агаарын бохирдол буурч болох талаар судлаачид ярьж байна. Сүүлийн жилд өвөл болохоор үүсдэг хамгийн чухал асуудал утаа бөгөөд ярьсаар байгаад багагүй хугацааг ардаа орхисон. Энэ жил ч мөн адил ярьдаг жил болон өндөрлөж байна. Тиймээс ирэх жил ярих биш хийх цаг болсныг бидний нүдэн дээр мэндлэн буй тахир дутуу, хорт хавдартай, эрхтэн дутуу төрөх хойч үе бидэнд сануулж байна. Өнгөрсөн есөн сарын байдлаар ганцхан нэгдүгээр амаржих газар ургийн эндэгдэл өнгөрсөн оны мөн үеийхтэй харьцуулахад 30-40 хувь нэмэгдсэн гэсэн тоо гарсан байна. Хүүхэд бол бидний хойч үе. Ирээдүгээ эрүүл саруул хэрхэн үлдээх талаар ирэх оны нэг сараас эхлэн бодох биш хийх цаг болсоныг 2010 он сануулаад үдэж байна. Ирэх ондоо утааны асуудлыг зөвхөн өвлийн улиралд яриад орхих биш жилийн дөрвөн улиралд ярьж хотын дэд бүтцийг хөгжүүлэх, зохицуулалтыг хийхийг эрх мэдэлтнүүдээсээ хүсье. Үнэхээр ирэх ондоо зохицуулалтаа хийж чадахгүй юм бол “нийслэл хот хүн хүлээж авахгүй” гэсэн хаяг эртхэн хадчихвал яасан юм бэ, хотын дарга нар
аа.                     
              
Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж