
Өссөн гэр, төрсөн нутгаасаа алсад, өргөн дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, сурч, амьдарч байгаа монголчууддаа хаягласан мэндчилгээг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд илгээсэн байна. Ерөнхий сайд мэндчилгээнийхээ эхэнд эх орныхоо нэрийг дэлхийн сонорт хүргэж яваа монголчуудаа нэрлэн, тэднээр бахархаж байгаагаа илэрхийлсэн байна. “НҮБ-ын хөгжиж буй болон далайд гарцгүй орнуудын бодлого, мониторингийн газрын дарга С.Эрдэнэбилэг, “Родман энд Рэншоу” хөрөнгө оруулалтын банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Ж.Жамул, Москва дахь ЮНЕСКО-гийн төлөөлөгчийн газрын дарга Д.Бадарч, АНУ-ын “Силикон Ваалий” компанийн мэргэжилтэн Ш.Баатар, Финляндын Аабо их сургуулийн багш, доктор Ц.Цэрэн-Онолт, Yahoo-гийн инженер Ч.Ганболд, “Google” компанийн мэргэжилтэн Б.Сувдмаа, “Майкрософт” компанийн инженер Л.Бат-Өлзий, БНСУ-ын Инчоны “Дусан” электроник компьютерийн үйлдвэрийн ажилтан Д.Базаррагчаа, Японы сумогийн их аварга М.Даваажаргал, Английн Лондон коллежийн оюутан Э.Энхмөрөн, Бангалор хотын бизнесмэн Х.Ганбат гээд хувь заяаныхаа эзэн болж харьд яваа мянга мянган Монгол иргэддээ Засгийн газрынхаа нэрийн өмнөөс, халуун элгэн нутгаас тань Монгол Улсын Ерөнхий сайд мэндчилж байна” хэмээн онцолжээ.
Ажил амьдралаа дээшлүүлэх, сурч боловсрох гэж алсыг зорьсон Та нарыгаа эх орон, төр засаг чинь ямагт санаж, ирэх өдрийг чинь тоолон хүлээдэг юм шүү. Хэдийгээр хувь заяаны эрхээр өөр улсын иргэншилтэй болсон ч монгол хүний нэр төрийг өргөж, монгол эх орноо санагалзаж явдаг иргэдтэйгээ бид зүрх сэтгэлээрээ хамтдаа байдгаа хэлэхийг хүсч байна гэсэн халуун дотно мэндчилгээг алсад суугаа монгол хүн бүрт зориулан илгээсэн байна. Өнөөдөр Монгол Улсын 200 мянга орчим иргэн гадаадад ажиллаж, амьдарч, сурч буй юм байна.
Д.Цэцэн