Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хэмжээнд энэ онд зам тээврийн ослоор 104 хүн нас барж 3482 хүн гэмтэж бэртжээ. Замын цагдаагийн газраас арванхоёрдугаар сарын 6-наас эхлэн дүрэм зөрчсөн жолооч нарт хяналт тавих хариуцлага тооцох болсон.  Хяналт тавьж эхэлснээс хойш зөрчил хэр гарч буй талаар ЗЦГ-ын дэд дарга хурандаа Ч.Жаргалсайханаас тодрууллаа.

-Жолооч нарын торгож эхэлсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү?
-Замын цагдаагийн алба хаагчид өөрийнхаа үндсэн чиг үүргийн дагуу хөдөлгөөнд хяналт тавьж байгаа. Гэрэл дохио ажиллахгүй, зам нь эвдэрхий хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй үед замын цагдаа нар гэрэл дохионы үүргийг гүйцэтгэж, хөдөлгөөнийг зохицуулж түгжрэлгүй байхад анхаарч ажиллаж байна. Зарим жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчих нь хэвийн үзэгдэл болсон. Иргэдээс дүрэм зөрчиж буй жолооч нарт хариуцлага тооцооч гэсэн санал байнга ирдэг. Тэгэхээр энэ чиглэлд нэлээд анхаарч ажиллаж эхэлсэн. Хяналт тавьж эхэлснээс хойш зарим зөрчил багасах хандлагатай байна. Гэхдээ жолооч нар хамгаалах бүс хэрэглэхгүй байх, улаан гэрлээр нэвтрэх, зогс шугам дээр зогсохгүй байх, хориглосон газарт  зогсох,  эгнээ байр буруу эзлэх зэрэг зөрчил илэрсээр байна. Өмнө нь өдөрт ослын газрыг орхиж зугтах байдал арав бүртгэгддэг байсан бол зургаа болж буурсан байх жишээтэй.
-Жолооч нарыг зөрчил гаргаж байхад нь бус дараа нь зогсооход тэд зөрчлөө хүлээн зөвшөөрөх үү?
-Манай газраас өнгөрсөн долдугаар сараас энэ ажлыг эхлүүлж хэвийн ажиллах хүртэл нэг сар ажилласан. Гэтэд саянаас хэрэгжүүлж эхэлсэн мэт иргэд буруу ойлголтой байна. Камераар хяналт тавих ажил эрт эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 26 гол уулзварт байнгын хяналттай камер ажиллаж байна. Замын хөдөлгөөнд оролцох үеэр зөрчил гаргасан жолоочийг шууд зогсоох боломжгүй үе бий. Тухайлбал уулзвар ачаалалтай үед. Жишээ нь Сүхбаатар дүүрэгт зөрчил гаргасан жолоочийг Баянзүрх дүүрэгт саатуулахад жолооч нар маш дурамжхан хүлээж авна. Яагаад бид сахилга хариуцлагын тухай ингэж их ярих болов гэхээр замын хөдөлгөөний аюулгүй байдал өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрсэн байна. Манайд гэхэд зам тээврийн ослоор жилд 500 хүн нас барж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж