Орос, Испанийн дипломатууд нутаг буцав

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Орос, Испанийн дипломатууд нутаг буцав

Испани улсад томилогдон ажиллаж байсан Оросын хоёр дипломатчийг тагнуулын хэрэгт сэжиглэн, арваннэгдүгээр сард Испани улсаас албадан гаргасны дараа Орос улс хариуд нь Испанийн хоёр дипломатчийг өнгөрсөн долоо хоногт улсаасаа албадан гаргажээ. Гэвч Орос улсыг эдийн засгийн тагнах ажиллагаа явуулсан гэх мэдээлэлд Испанийн тал ямар нэг тайлбар хийгээгүй байна.

Энэхүү маргаантай байдал хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний соёлын солилцооны арга хэмжээг эхлүүлэхийн өмнөхөн боллоо. 2011 оныг хоёр улс Испани дахь Оросын жил, Орос дахь Испанийн жил болгон тэмдэглэх юм. Гэхдээ Испанийн засгийн газар удахгүй болох арга хэмжээг бусниулахгүйн тулд Оросын дипломатчдыг албадан гаргасан тухайгаа өнгөрсөн сард нийтэд зарлан мэдээлээгүй байжээ.

Испанийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр “Оросын хоёр дипломатчийг дипломатчийн эрх үүргийг зөрчиж, тагнуулын ажиллагаа явуулсан гэж үзсэн тул албадан гаргасан. Хоёр улсын засгийн газар дипломатчдын асуудлыг шийдсэн гэж үзэж байгаа бөгөөд эгүүлэн татагдсан дипломатчдын оронд өөр ажилтан дахин томилох асуудлыг ярилцаж байна” хэмээн мэдэгджээ.

Оросын тал Испанийн улс төрийн атташе Иганчио Картагена, нэгдүгээр нарийн бичгийн дарга Боржа Кортэс Брэтон нарыг баасан гаригт Москвагаас албадан гаргасан байна. Ноён Картагена нь “Орос дахь Испанийн жил”-ийн хөтөлбөрийг зохион байгуулах комиссын гишүүн байжээ. Дээрх үйл явдал нь 1977 онд Москва, Мадрид хоёр дипломат харилцаагаа дахин сэргээснээс хойш болсон хамгийн ноцтой дипломат үйл явдал болж байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж