П.Дашийн хэрэг юу болов?

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

П.Дашийн хэрэг юу болов?

Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой авлига, хээл хахуулийн гэх тодотголтой хэргүүд хэдэн он дамнан сунжирч, эцэст нь хэрэгсэхгүй болох юм уу өршөөлийн хуульд хамрагдах нь олонтаа. Үүний нэг жишээ бол дөрвөн он дамжин сунжирч байгаа /2007 оноос хойш/ ОБЕГ-ын дарга асан, генерал П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэл нарт холбогдох эрүүгийн хэрэг юм. Тухайн үедээ сүр дуулиан болж, хэвлэлийн хуудсыг хэсэгтээ л чимж байсан энэ хэрэг өнөөдөр олны анхаарлыг тэгтлээ татахаа болив. Хамгийн сүүлийн мэдээллээр П.Даш, Л.Алтангэрэл нарын хэрэгт санхүүгийн шинжээч томилохоор болжээ. Учир нь тэднийг улсын хөрөнгө хувьдаа завшсан, техник хэрэгсэл, бараа материалыг тендергүй авсан гэх баримтууд хоорондоо зөрж байгаа тул дахин шалгах хэрэгтэй гэж үзсэн байна.

Авлигын хэрэгт холбогдсон дээрх албан тушаалтнуудын хэрэг өмнө нь хоёр ч удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаж байв. Яллагдагчаар татагдсан П.Даш, Л.Алтангэрэл нарыг улсад 300 сая төгрөгийн хохирол учруулсан, зарим бараа материал, машин техникийг хууль бусаар авсан хэмээн буруутгаж анхан болон давж заалдах шатны шүүхээс 4.6 жилийн ял оноосон ч Дээд шүүх хэргийг хэлэлцээд хуулийн шинжээчийн дүгнэлт дахин хийлгэх, П.Даш, Л.Алтангэрэл нар хэрхэн бүлэглэснийг тогтоох, хохирлын хэмжээг тодорхой болгох шаардлагатай гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байв.

Үүнээс хойш хэсэг хугацаанд сураг алдарч 2010 онд хэргийг АТГ-аас шалгаж дуусаад нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн юм. Гэтэл өнгөрсөн оны сүүлээр нийслэлийн Прокурорын газраас “Шалгавал зохих ажлыг дутуу гүйцэтгэсэн” гэх үндэслэлээр дахин мөрдөн байцаалтад буцаасан юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сард болсон шүүх хурлаар П.Дашид 4.6 жилийн ял оноож, улмаар хорих ялыг нь Өршөөлийн хуульд хамруулах шийдвэр гаргав. Улсын хөрөнгө завшаад, эсвэл хариуцлагагүй байдал иргэдэд асар их хэмжээний хохирол учруулсан албан тушаалтнууд дээлээ нөмрөхөө тулахаар өршөөлд хамрагддаг бол П.Даш тэгсэнгүй. Үнэхээр буруугүй юу, эсвэл нэрэлхсэн үү П.Даш “Би хэрэг хийгээгүй учир Өршөөлийн хуульд хамрагдахгүй” гэснээр өнөөдрийг хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Шүүх л түүний гэм буруутайг нотолно.

Баримт татъя. 2007 онд АТГ-т шалгагдаж байхдаа 15 тэрбум 500 сая төгрөг завшсан хэмээн шалгагдаж байсан ч мөрдөн шалгах, прокурорын хяналт, шүүхийн шатанд хасагдсаар 500 гаруй сая төгрөг болтлоо буурчээ. Тухайн үед түүнийг ямар үндэслэлээр буруутган шалгаж байсан талаар дурдая.

-Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журмын тухай хуулийг зөрчин, ОБЕГ-ын барилгын их засварын ажлыг тендергүйгээр, ТӨХ-ны зөвшөөрөлгүйгээр хийж гүйцэтгүүлэн 141.2 сая төгрөгийн хохирол учруулсан.

-2004-2007 онд тендергүйгээр авто машин худалдан авч байгууллагад 44.1 сая төгрөгийн хохирол учруулсан.

-“Алтай таван богд хайрхан” ХХК-тай үрийн будааг худалдан авах гэрээг байгуулж, 199 сая гаруй төгрөгийн авлага үүсгэн, зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авч улмаар 335 сая төгрөгийн хохирол учруулсан

-Улсын нөөцийн шатахуун бүрдүүлэхдээ “Энрико сервис” ХХК-иас шатахуун худалдан авах гэрээ хийжээ. Гэрээ хийсний дараа шатахууны үнэ зах зээлд өссөн гэх шалтгаанаар тухайн үеийн ханшаас илүү үнээр буюу 227 сая төгрөг илүү зарцуулан улсын нөөцөд шатахуун худалдан авсан.

-ОБЕГ-ын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын даргаар ажиллаж байсан Л.Алтангэрэлтэй хамтарч түүний эхнэр болох Г.Оюунчимэгийн эзэмшлийн “АО Жаргалант” ХХК-тай шатахуун нийлүүлэх гэрээ байгуулан зах зээлийн үнээс өндөр үнэтэй шатахуун худалдан авч 205 сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг тэднийг буруутгах үндэслэлүүд гарч байв.

Эдгээр компаниуд нь хэрэгт холбогдогчдын ар гэрийнхэн, ойр дотныхны мэдлийнх байсан тухай ч баримт бий. Түүнчлэн генерал П.Даш эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж хэд хэдэн тендер будлиантуулсан гэж үзэж байв. Тухайлбал Дэлхийн банкнаас санхүүжүүлсэн “Шувуун томуу, цар тархалтыг зогсоох” тендер, Засгийн газраас 145.5 сая төгрөгийн төсөвтэй “Баг цэнэглэх төхөөрөмж гаргах, оруулж ирэх” тендер, Засгийн газраас 146.8 сая төгрөгийн төсөвтэй Холбооны станцын тендер гээд хэд хэдэн тендер багтаж буй. П.Дашийг төрийн албан хаагчийн цалингаас хумслан хувьдаа хоёр давхар хаус бариулж, Өмнөговь аймагт алтны компани байгуулан хувь эзэмшдэг гэх яриа ч бий.

Гал унтраах гэж МИ-8 нисдэг тэрэгт явсан аврагчид гартаа олигтой багажгүй, хүнсэндээ хятадын бэлэн гоймонтой, цалин гэж хэцүүхэн юм авдаг байсныг амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн халаглан ярьдаг нь үүнтэй холбоотой байхыг ч үгүйсгэхгүй. Гэтэл өнөөг хүртэл нислэг хийх боломжгүй үед тушаал өгсөн хүмүүс ч бас л ялаас холуур өнгөрсөн.

Улсад учруулсан хохирлын хэмжээ 15 тэрбумаас 500 сая болтлоо буурсан уг хэрэг хэдий болтол сунжрах нь тодорхойгүй. Энэ долоо хоногт нийслэлийн Пркурорын хяналтад ирэх байсан ч санхүүгийн шинжээч томилон шалгахаар болж 30 хоногоор сунгалаа. Хэрэгт холбогдсон ОБЕГ-ын дарга асан, тэргүүн комиссар П.Даш өөрийгөө гэм буруугүй хэмээн өршөөгдөхөөс татгалзсан. Нэг л өдөр цагаадаж, нэр төрөө сэргээлгэнэ гээд явж байхад ч гайхах хэрэгггүй.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж