Ганцхан сум малаа өсгөжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Ганцхан сум малаа өсгөжээ

Мал тооллогын урьдчилсан дүнгээр Булган аймгийн ганц Дашинчилэн сум урьд онд байсан малаа 0,5 хувь буюу мянга шахам толгойгоор нэмэгдүүлж, бусад сум өсгөсөнгүй.

Бүрэгхангай сум хамгийн бага буюу 4,6 мянгаар бууруулсан бол Сайхан сум хамгийн их, тухайлбал, 59,3 мянгаар буюу 20,9 хувь хорогдуулсан байна. Мөн Могод, Хутаг-Өндөр, Орхон сумын мал 36,9-46,7 мянга гаруйгаар багаслаа. Энэ бүхний  улмаас аймгийн хэмжээгээр малаа өсгөж амжсангүй. Урьдчилсан байдлаар 2,2 сая гаруй мал тоолуулсан нь өмнөх оныхоосоо 360 шахам мянгаар буурсан байна. Малын төрлөөр авч үзвэл урьд жилүүдэд удаа дараа цөөрч байсан тэмээний тоо буурсангүй, харин бусад төрлийн мал, ялангуяа бог мал ихээр хорогджээ.

Яагаад малаа өсгөж амжсангүй вэ гэвэл, мэдээж цаг агаар хүндэрсний уршиг. Энэ нь дутагдлаа бүгдийг байгаль руу түлхэж, хариуцлагаас бултаж байгаа хэрэг биш. Мэргэжилтнүүд, малчдын дүгнэлтээр сүүлийн 20-иод жил тохиолдоогүй цочир огцом хүйтэрч удаан үргэлжилсэн. Цас ч хэд хэдэн удаа ахиу хэмжээгээр орж бас шуурч зарим хот айлд очих зам, даваа хаагдан, хааяа мал хотноосоо гарч амжихгүй хашааны холтос мэрж өнжсөн гэдэг. Гэхдээ өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаагүй, цагийн байдалд  дүгнэлт хийн шуурхай арга хэмжээг эрчимтэй авч амжаагүй явдал нөлөөлсөн. Айраг ундаа сайхантай гэдэг Могод, Сайхан сумын мал бусад сумынхаа ихээр буурсан нь нэгийг хэлж байна. Харин тухайн үед хүнд нөхцөлтэй байсан Гурванбулаг, Рашаант сумын мал 2,7-8 хувь багассан дүнтэй гарсан нь орон нутгийн удирдлага зохион байгуулалтай арга хэмжээг шуурхай авч нутгийн малчид шургуу шамдсаны үр дүн гэж үзэж болно.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж