Улс төр дэх ”Гоц” мэдэгдлүүд

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Улс төр дэх ”Гоц” мэдэгдлүүд

Улстөрчдийн санаатай, санамсаргүй хэлсэн үг нь олны анхааралд өртөж, өөрийнхөө хэлснийг батлах “ажилтай” болох үе бий. Гишүүдийн санамсаргүй хийсэн “мэдэгдэл”-ийг онцолж байна.

Л.ГҮНДАЛАЙ ПРОКУРОРЫГ УУРЛУУЛАВ

УИХ-ын гишүүн Л.Гүндалай улсын өмчийг хувьдаа завшсан гэх хэрэгт холбогдоод нэлээд олон оныг үдэж байгаа. Харин тэрбээр өөрийгөө буруугүй, хуулийнхан хэлмэгдүүлж байгаад үе үе гомдлоо илэрхийлдэг. Өнгөрсөн тавдугаар сард “Миний хэргийг хугацаагүй түдгэлзүүлсэн” гэж мэдэгдээд прокурорыг уурлуулсан билээ. Эрхэм гишүүн “Намайг сэжигтнээр татсан хэргийг хохирол учруулаагүй, нэхэмжлэгчгүй учраас түдгэлзүүлсэн, прокурорын байгууллага үнэнд гүйцэгдлээ” гэж хатуухан мэдэгдсэн. Үүнд нь уурласан прокурор түүний хавтаст хэргийг бүхэлд нь шахам сониноор дэлгэсэн билээ. Бүр “Хуулийн байгууллагын шийдвэрийн талаар үндэслэлгүй мэдээлэл гаргаж, олон түмнийг төөрөгдүүлэхгүй байхыг шаардаж байна” гэж УЕПГ-аас хариу мэдэгдэл гаргасан юм.

ХУДАЛЧ ШАЛГАРУУЛАВ

АН-ын ҮЗХ-ны хуралдаан дээр Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн Н.Батбаяр хоёр Оюутолгойн гэрээний талаар маргалдаж байгаад гэнэт “Хэн нь худалч вэ” сэдэв рүү хазайсан билээ. Н.Батбаяр гишүүн “С.Баярцогт худал ярьдгаараа алдартай. Төрийн ордныхон ч түүнийг худалч гэдэг юм” гэж мэдэгдэв. Үүнд шаралхсан С.Баярцогт сайд “Хэн нь худалч вэ гэдгийг хэлээд өгье” гээд гараа занган байж “Намайг Япон явсан хойгуур Н.Батбаяр “Оюутолгойг Баярцогт бүхэлд нь Хятадад өгөх гэж байна гэж хэлсэн байна лээ. Үүнийг надад хэн хэлсэн гээч, хэн хэлсэн гээч. Надад Х.Баттулга сайд хэлсэн. Би ирээд Н.Батбаяраас энэ тухай асуухад “Чамайг алдаршуулах гэж хэлсэн” гэж тайлбарласан. Надад тийм алдар хэрэггүй” гэж сэтгэлдээ хадгалж байсан “нууц”-ыг дэлгэчихэв. Сайд, гишүүн хоёр хэлсэн мэдэгдлээ батлах гэж хичээсний үр дүнд Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд засвар хийхээр болсон билээ.

“ГУДАМЖИНД УЛС ТӨР ХИЙ”
 
УИХ-ын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байтал Р.Гончигдорж санамсаргүй дээрх мэдэгдлийг хийв. Хашир гишүүнийг ингэж мэдэгдэхэд З.Алтай гишүүн нөлөөлсөн юм. Тэрбээр чуулганы танхимд “Орд газартай, лиценз эзэмшдэг гишүүдийг энэ хуулийн төслийн хэлэлцүүлэгт байлгамааргүй байна. Өөрийнхөө төлөө лобби хийх гэж үхтлээ зүтгэцгээж байна. Ард түмэндээ хандаж хэлмээр байна. Найзуудаа, та нарын сонгосон гишүүд араар чинь тавьж байна шүү” гэж ирээд ярьж гарав. Түүний яриаг ойлгоогүй Р.Гончигдорж “З.Алтай гишүүн хуулийг дэмжээд байна уу, эсэргүүцээд байна уу” гэж тодруулсан нь буруу болоод явчихсан билээ. Хариуд нь  З.Алтай гишүүн “Дэмжээд байна. Чи бас лицензтэй болчихсон юм уу. Улс төрийн янхан минь дуугүй бай” гэх мэтээр уурсах нь тэр. Хэлэх үг олдохгүй байгаа бололтой байсан Р.Гончигдорж гишүүн “Чи ч гудамжиндаа л улс төр хийх байж дээ” гэж мэдэгдсэн юм.

“ХАРЖ Л БАЙГААРАЙ. ОГЦРУУЛНА ДАА”

Ц.Батбаяр гишүүн ийм мэдэгдлээ ажил болгох гэж УИХ-ын даргадаа хүртэл хов зөөв. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сараас хойш Д.Зоригт сайдад харшилтай болоод байгаа. “Ажлаа хийдэггүй сайддаа хариуцлага тооцооч” гэж Ерөнхий сайдад зургадугаар сард хов хүргэсэн. Харин Ерөнхий сайд гишүүний үгийг огтхон ч тоогоогүй хэрэг. Саяхан байнгын хорооны хурал дээр Ц.Батбаяр гишүүн гэнэт уурлаж Эрдэс, баялаг, эрчим хүчний сайд руу гараа чичлэн байж “Чиний тендер будлиантуулдаг булхайг чинь дэлгэнэ шүү. Харж л байгаарай. Огцруулна за” гээд гарч одсон. Тэр даруйдаа УИХ-ын даргад Д.Зоригтыг огцруулах талаар өргөх бичиг үзэглэсэн аж. Он солигдохоос өмнө УИХ-ын дарга Ц.Батбаяр гишүүний гомдолд анхаарлаа хандуулах эсэх нь эргэлзээтэй.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж