Эдийн засагт нөлөөлсөн 2010 оны онцлох үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Эдийн засагт нөлөөлсөн 2010 оны онцлох үйл явдлууд

Олон улсын эдийн засгийн харилцааны гол тоглогчид 2010 онд сэлгээ хийж эхэллжээ. Хөгжингүй орнуудаас илүү хөгжиж буй орнуудын үүрэг, роль их болсонтой үүнийг холбон тайлбарлаж болох юм. Түүнчлэн Евро бүсийг хамарсан санхүүгийн шинэ хямрал бий болж, нэгээс нөгөөд давалгаалан тархаж байна. Дэлхийн олон оронд хамгийн их эрэлттэй түүхий эд болох газрын тосны цооног дэлбэрснээс экологийн сүйрэл болох дөхсөн. Улс орнууд ам.долларын эсрэг хөдөлж, дэлхийн нөөц валютын байр суурь ганхахад хүрээд байна. Дэлхийн экологийн тэнцвэр алдагдаж байгаагийн тод томруун жишээ.

Оросод ган, Пакистанд үер болж, Австрали царцааны нүүдэлд дарагдан, Европ, АНУ-д цасаар шуурч байгаагаар илэрсэн. Хэдийгээр хүн төрөлхтөн техник, технологийн хөгжил дэвшлийн оргилд хүрч, байгаль дэлхийгээс хараат байдал нь үгүй болж байна гэх боловч Исландын жижигхэн аралд болсон ганц галт уулын дэлбэрэлтийн үнс нурамнаас болж тив дамнасан худалдаа, харилцаа зогсонги байдалд орсныг энд сануулах юун. Энэ мэтчилэн 2010 онд олон улсын эдийн засгийн харилцаанд онцлох олон үйл явдал болсноос заримыг нь тоймлон дурьдъя.

 ХУДАЛДААНЫ ДАЙН ЭХЭЛЖЭЭ

Өнгөрсөн хавраас эхлэн Хятад, АНУ-ын Засгийн газрын байр суурь зөрчилдсөн. Юанийн ханшийг ам.доллараас уяж, экспортлогчдоо дэмжиж байгаагаас Америкийн эдийн засаг сөрөг үзүүлэлттэй гарах боллоо хэмээн Барак Обамагийн засаг захиргаа үзсэн билээ. Тиймээс тэд Хятадын талтай тохиролцоонд хүрэхийг удаан хугацаанд оролдсон юм. Эцэст нь өнгөрсөн зургадугаар сард юанийн ханшийг ам.доллараас уяхаа болино гэх амлалтыг Хятаын Засгийн газраас авчээ. Гэвч өдийг хүртэлх долоон сар орчмын хугацаанд юань ам.долларын эсрэг ердөө гурван хувиар чангарсан байна. Үүнийг хэтэрхий бага өөрчлөлт гэж үзсэн “Обамагийнхан” Хятадтай хийх гадаад худалдаагаа чангатгаж, тус улсаас орж ирэх импортын бараанд элдэв дарамт учруулсаар байгаа билээ. Эдийн засагчид үүнийг “Худалдааны дайн эхэллээ” хэмээн дүгнэж байна.

ЕВРОГ ХЭРЭГЛЭЭНЭЭС ГАРГАХ ШАХАВ

Грекийн Засгийн газрын гадаад орнуудаас зээлсэн өрийн хэмжээ асар их гарснаар Европын эдийн засгийн хямрал эхэлжээ. Уг асуудлыг шийдвэрлэхээр өн­гөрсөн хавар Европын холбоо, Олон улсын валютын сан хамтран Грект их хэмжээний санхүүгийн тусламж өгсөн юм. Гэвч энэ нь эргэн төлөгдөх зээл учраас татвараа нэмэх, төсвийн зардлаа танах зэрэг шинэ арга хэмжээ авч эхэлжээ. Үүнд дургүйцсэн грекчүүдийн жагсаал хөдөлгөөн тасарсангүй. Өнгөрсөн намраас Грекийн халааг Ирланд, Испани, Португали авч, өрийн болон санхүүгийн тогтолцооны хямрал Евро бүсэд давалгаалан тархжээ. Үүнээс болж евро хэмээх нэг валют хэрэглэх эсэхэд олон хүн эргэлзэх боллоо.

ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ

Хятадын түүхий эдийн эрэлт нэмэгдэж байгаагаас түүхий эдийн биржүүд дээр зэс, алт тэргүүтэй металлын үнэ огцом өслөө. Зэс нэг тонн нь 9000 ам.доллараас давж, алт нэг унци нь 1400 ам.доллараар арилжигдах болжээ. Энэ бүхэн нь ашигт малтмалаар баялаг орнуудад шинэ боломж, шинэ гарц нээж өгч байгаагаараа онцлог юм.

ГАЗРЫН ТОС ЭКОЛОГИЙН СҮЙРЭЛ ДАГУУЛЛАА

Мексикийн буланд “Бритиш Петролиум” компанийн газрын тосны цооног өнгөрсөн дөрөвдүгээр сард дэлбэрчээ. Үүнээс болж олон сая баррелиар хэмжигдэх газрын тос далайд асгарч, байгаль орчны сүйрэл дагуулсан нь АНУ-ын түүхэнд байгаагүй үйл явдал болсон юм. Учирсан хор хохирол олон тэрбум ам.доллараар үнэлэгдэхээс гадна нөхөн сэргээлт явуулахын аргагүй экологийн сүйрэл дагууллаа хэмээн уг үйл явдлыг ажиглагчид дүгнэжээ. “Бритиш Петролиум”-ын хувьд хувьцааны ханш нь долоохон хоногийн дотор хоёр дахин буурсан аж. Ямартай ч 2010 онд хамгийн их алдагдал хүлээсэн компаниудын тэргүүн эгнээнд “Бритиш Петролиум” бичигдэх юм.

“АМ.ДОЛЛАРЫН ЭСРЭГ АЯН”

Экспортод түшиглэсэн эдийн засагтай Японы иен ам.долларын эсрэг огцом чангарсан. Ойролцоогоор нэг ам.доллар 84 иентэй тэнцэх болсноор дифляцид идэгдээд байсан Японы эдийн засаг улам хүнд байдалд орсон юм. Тиймээс тус улсын Ерөнхий сайд Наото Кан тэргүүтэн зах зээл дэх ам.долларын нийлүүлэлтийг ихэсгэж, валютын ханшаа хүчээр бууруулахыг зорьсон байна. Үүнтэй зэрэгцээд Бразиль, Мексик, Тайланд зэрэг олон орон “ам.долларын эсрэг аян” өрнүүлсэн юм. Экспортод түшиглэсэн орнууд валютын ханшаа бууруулахын төлөө тэмцэлдэж эхэлжээ.

ГАЛТ УУЛЫН ДЭЛБЭРЭЛТ, ХҮЙТРЭЛ САНДАРГАВ

Исландад өнгөрсөн хавар галт уул дэлбэрсний улмаас их хэмжээний үнс нурам цацагдаж, агаарын тээврийн компаниуд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад бэрхшээлтэй болсон. Үүнээс болж Европ, АНУ-ын хоорондын худалдаа, харилцаа бүхэлдээ шахам зогсонги байдалд орж, томоохон компаниуд их наяд ам.доллараар тоологдох хэмжээний алдагдал  хүлээжээ. Түүнчлэн энэ өвлийн хүйтрэл, их цаснаас болж мөн л Европ, АНУ “чичирч” байна. Байгалийн жирийн үзэгдлийн өмнө хөгжингүй орнуудын эдийн засаг ч хүчин мөхөсдсөөр байна.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж