Чичрэг өвчнөөр 40 гаруй хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Чичрэг өвчнөөр 40 гаруй хүн нас баржээ

Угандад шумуулнаас хүнд чичрэг өвчин халдсан болохыг Китгум дахь эрүүл мэндийн албаныхан арванхоёрдугаар сарын 25-нд албан ёсоор баталсан ч бараг сар орчмын өмнөөс тус улсын хойд хэсгийн есөн дүүрэгт уг өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Одоогийн байдлаар чичрэг өвчнөөр 45 хүн нас барж, нэлээдгүй тооны хүмүүс халдвар аваад байгаа тул цаашид тархалтыг дэгдээхгүй байх үүднээс Угандын Эрүүл мэндийн яам Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай зөвшилцөж, нийт иргэдийг вакцинжуулах шийдвэрт хүрчээ. Угандын Эрүүл мэндийн яамны сайдын мэдэгдсэнээр хамгийн багаар тооцоход 2,5 сая иргэдийг вакцинжуулалтанд хамруулах аж.

Угандад хамгийн сүүлд 40-өөд жилийн өмнө шумуулнаас хүнд чичрэг өвчин халдсан тохиолдол бүртгэгдэж байжээ. Өвчний тархалтын эсрэг ажлын хэсгийнхнийг чичрэг өвчин дэгдсэн дүүргүүдэд хуваарилж, өвчний голомтуудад тусгаарлах цэгүүдийг байгуулаад байна. Энэхүү өвчний халдвар авсан тохиолдолд дотор муухайрахаас эхлээд элэг, цөсөөрөө бөөлжих, цус алдах хүртэл олон төрлийн шинж тэмдэг илэрдэг ажээ. Харин эдгээр шинж тэмдгүүд илэрсэн ч эмчилгээ хийлгэлгүй цаг алдсан хүмүүсийн тал орчим хувь нь амиа алдах магадлалтай байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж