Ираны иргэн Али Акбар Сиадат нь Израилийн тагнуулын байгууллагын талд ажиллаж байсныг илрүүлж, мягмар гаригт Тегеран дахь Эвиний шоронд цаазаллаа. Хэрэгтэн Али Акбар Сиадатыг Израилийн тагнуулын Моссад агентлагтай хэдэн жилийн турш холбоотой ажиллаж, Ираны армийн үйл ажиллагааны талаар мэдээлэл дамжуулдаг байсныг олж тогтоосон бөгөөд хамгийн сүүлийн байдлаар нууц мэдээлэл дамжуулсныхаа төлөө 60,000 ам.доллар авсан болохыг нь илрүүлснийг Ираны Ирна агентлаг мэдээлсэн байна.
Али Акбар Сиадатыг 2008 онд эхнэртэйгээ хамт Иранаас явахаар зэхэж байхад нь баривчилж, Иран улсын цэргийн бааз, сөнөөгч онгоц, нислэгийн сургуулилт, агаарын довтолгоо, пуужингуудын талаар нууц мэдээлэл дамжуулж байсан хэргээр буруутган хорьж байсан ч мэдээллийн эх сурвалжийг тогтоож чадаагүй байна. Хэрэгтэн Сиадат Турк, Тайланд, Нидерланд зэрэг улсуудад зорчиж явахдаа Израилийн тагнуулын ажилтантай холбогдож, мэдээллээ дамжуулж байжээ. Тиймээс Ираны хуулийн дагуу түүнд ялын дээд хэмжээ буюу цаазлах ял тулгаж мягмар гаригт цаазалжээ.
Б. Энхцэцэг