Хятад Еврозонд тусламжийн гараа сунгав

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Хятад Еврозонд тусламжийн гараа сунгав

Өрийн асуудалд унаад буй Еврозоны орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхэд бэлэн байгаа тухай БНХАУ мэдэгдсэн байна.

“Еврозоны орнуудад санхүүгийн хямралаас гарахад тусалж, эдийн засгийн сэргэлтийг бодит болгоход гар бие оролцоход бид бэлэн байна” гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жиан Ию хэлжээ. Тэрбээр мөн ирээдүйд Еврозон БНХАУ-ын гадаад хөрөнгө оруулалтын гол зах зээл болох болно гэж мэдэгджээ.

Еврозоны хэд хэдэн орон банкны салбарын уналт болон өрийн асуудалтай байгаа билээ. Олон улсын валютын сан болон Европын холбооны зүгээс Грек болон Ирланд улсад олон арван тэрбум ам.долларын санхүүжилт олгосон. Грек улс энэ оны эхээр 110 тэрбум еврогийн санхүүгийн дэмжлэг авах хэлэлцээр байгуулсан бол Ирланд өнгөрсөн сард 85 тэрбум еврогийн зээл авахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Үүн дээр нэмээд Португаль болон Испани улсад ч тусламж хүсэх шаардлага гарч байгаа гэж зарим эдийн засагч хэлж байгаа юм.

Хятад улсын хуьд гадаад валютын асар их нөөцтэй. Үүний дийлэнх нь ам.доллараар байдаг. Харин хатагтай Жианы мэдэгдлээс харахад Хятад ам.доллараа евро худалдан авахад зарцуулах гэж байгаа бололтой. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Хятадын Шадар сайд Ван Чишань мэдэгдэл хийж, ОУВС болон Европын холбоог хүнд байдалд буй орнуудад туслахаар хичээж буй явдлыг дэмжиж байгаа тухай хэлсэн юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж