Монголын хөнгөн атлетикийн холбооны 2010 оны шилдгүүдээр:
· Шилдгийн шилдэг тамирчин: Б.Сэр-Од
· Шилдэг дасгалжуулагч: Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч Г.Батхүү
· Шилдэг өсвөрийн тамирчин: Дорнод аймгийн тамирчин, сурагч Б.Солонго
· Шилдэг ахмад тамирчин: Г.Цэрэндолгор
· Шилдэг салбар холбоо: Дорнод аймгийн Хөнгөн атлетикийн холбоо тус тус шалгарлаа.
Монголын хөнгөн атлетикийн холбооны удирдах зөвлөлийн хурлаар улиран одож буй 2010 оны ажлын тайланг хэлэлцэн, ирэх жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, 2011 онд зохион байгуулагдах олон улсын болон дотоодын тэмцээн уралдааны календарчилсан төлөвлөгөөг танилцуулсан юм. Түүнчлэн ирэх жилийн зургадугаар сарын 25-нд Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдах Ази тивийн Өсвөр үеийн кросс гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийг батлан ярилцлаа.
“Монголын хөнгөн атлетикийн холбооны хувьд өнгөрөн одож буй 2010 он их үйл явдлын жил байсан. Үүнийг батлах зүйл бол холбоо үүсч байгуулагдсаны түүхэн 50 жилийн ойг тэмдэглэсэн. Ойн хүрээнд олон арга хэмжээг амжилттай зохион байгуулсны гэрч болгон спортын оны шилдгүүдийг шалгаруулдаг “Бөртэ чоно” наадмаас холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд шилдэг холбооны ерөнхийлөгчөөр тодорсон явдлаар батлагдаж байгаа гэж найдаж байгаа” хэмээн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар цохон тэмдэглэсэн бөгөөд ирэх жилд хийхээр төлөвлөсөн гадаад, дотоодын бүх тэмцээн уралдаанд амжилттай оролцон Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөн хөнгөн атлетикийн спортыг бүх нийтийн дунд түгээн дэлгэрүүлж, иргэдийн хөдөлгөөний дутагдал гэх чимээгүй тахлаас ангижруулж чадахыг хүслээ.
Ирэх жилд Монголын хөнгөн атлетикчид гуравдугаар сард зохион байгуулагдах “Хурд-Хүч” нээлттэй тэмцээнээр гараагаа эхлэх ба аравдугаар сард болох Эрдэнэт марафон гүйлтийн тэмцээнээр дуусах юм.