Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Сэр-Од 2010 онд тив, дэлхийн тавцанд олон сайхан амжилт гаргасан билээ. Энэ амжилтуудын үргэлжлэл нь Японы марафон байлаа. Дэлхийн хөнгөн атлетикийн хөгжлийг тодорхойлдог Хар тивийн Кени, Азийн шилдгүүд болох Япон, Өмнөд Солонгосын тамирчидтай өрсөлдсөн Б.Сэр-Од Хофү Ёмиүри марафонд түрүүлж, бахдам амжилт гаргасан билээ. Өчигдөр түүнийг Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар хүлээн авч, уулзсан байна. Б.Сэр-Одын хувьд 1800 орчим тамирчид оролцсон энэ марафонд түрүүлснээр энэ жил хоёр дахь томоохон түрүүгээ авсан байна. Өнгөрсөн есдүгээр сард тэрбээр Англид болсон Брайтоны марафонд түрүүлж, улсынхаа рекорд амжилтыг шинэчлэн тогтоож байсан юм. Дашрамд сонирхуулахад, автомашин үйлдвэрлэгч “Suzuki” компаниас түүнд Японд бэлтгэл сургуулилт үнэгүй хийх урилга өгсөн бөгөөд Б.Сэр-Од он гаргаад арлын Японыг зорьж, бэлтгэл сургуулилтаа хийхээр болжээ.
Score Studio