Монгол Улсын Зэвсэгт хүчинд онцгой гавьяа байгуулж, иргэн-цэргийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст Батлан хамгаалахын “Эх орны төлөө” оны дээд шагналыг энэ жилээс анх удаа олгож эхэлсэн билээ. Уг шагналд Батлан хамгаалах салбарын харьяа 18 анги, байгууллагаас 24 хүн нэр дэвшүүлсэнээс Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимэд, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн салаан захирагчийн орлогч, дэслэгч Г.Аззаяа, БХИС-ийн ахлагчийн дамжааны багш Ш.Самбуу-Ёндон нар тодорсон юм. Б.Чимэд, Ш.Самбуу-Ёндон нараа шагналаа гардан аваад байсан бөгөөд ардын жүжигчин Н.Жанцанноров гадаадад томилолтоор явж байгаад саяхан ирж УИХ-ын гишүүн, Батлан хамгаалах яамны сайд Л.Болдоос шагналаа гардан авав. Тэрээр шагнал гардан “Би олон шагнал авч байсан. Харин “Эх орны төлөө” хэмээх ийм нэр хүндтэй шагнал гардах гавьяа байгуулсанаа санахгүй юм. Гэвч, надад авьяас билгээрээ цаашид эх орныхоо төлөө зүтгэ гэсэн даалгавар гэж ойлголоо. Би 1986 онд онд анх “Цэрэг чамдаа хайртай” дуугаа зохиоход тухайн үеийн Батлан хамгаалах яамны сайд цэргийн ангиудаар дагуулж явж дуулуулдаг байсан. Цэргийн салбарт миний гаргасан мөр гэвэл энэ мэт уран бүтээлийн учиг холбоо байдаг юм. Ямартай ч би эх орныхоо төлөө зүтгэнэ ээ” гэж өөрийн уран бүтээлийн цомгуудаа Батлан хамгаалах яамны удирдлагуудад гардууллаа.