Спортын ордоны А танхимыг Чөлөөт бөхийн холбооны мэдэлд 2012 он хүртэл өгөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг тэд Ерөнхий сайдаас хүслээ. Холбооныхон өөрийн хөрөнгөөр энэ танхимыг засварлаж, бэлтгэл сургуулилт хийх шаардлага хангасан байртай болохоор төлөвлөсөн байна. Олимпоос медаль авах том эрх ашгийн төлөө хамтран ажиллана. Спортыг эртнээс дэмжиж ирсний хувьд Чөлөөт бөхийн холбооныхны хүсэлтийг бодит ажил хэрэг болгоход туслана гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Мөн ахмад, дунд, залуу гурван үе хамтарч зүтгэн олон сайхан ялалтаар ард түмнээ баясгаж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлсэн байна. 2011 он чөлөөтийнхний хувьд гялалзсан амжилтын жил болж тив, дэлхийн аваргаас алтан медаль, оролцсон бусад тэмцээн бүрээс 4-5 медаль хүртэж, Чөлөөт бөхийн холбоо шилдэг холбоогоор шалгарсанд Засгийн газрын тэргүүний хувиар болон тамирчдын багийн нөхрийн хувьд баяр хүргэж, ирэх жилийн дэлхийн аварга, 2012 оны Лондоны олимпод улам их амжилт гаргахыг тэрээр хүсэн ерөөв.
Гараа сайн бол бариа сайн гэдэг. Улс мөнгөгүй, бизнес эрхлэгчид ч хөрөнгө муутай байсан үед чөлөөт бөхийг дэмжиж, удирдлагаар нь ажиллаж байсанд Чөлөөт бөхийн холбооныхон Ерөнхий сайдад талархаад тэр цагаас өнөөг хүртэл медалийн буухиа тасраагүй гэлээ. Уулзалтын үеэр 2012 онд Лондон хотноо болох олимпийн наадам, олимпийн эрх авах томоохон тэмцээн, бэлтгэл сургуулилтын талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.