МХАХ-ны удирдлага хуралдаж, шилдгүүдээ тодруулав

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

МХАХ-ны удирдлага хуралдаж, шилдгүүдээ тодруулав

Хагас зуун жилийн түүхтэй Монголын хөнгөн атлетикийн холбоо удирдах зөвлөлийн хурлаа хийж, амжилтаараа тэргүүлсэн алдартнуудаа шагналаа. Хөнгөнийхний хувьд өнгөрч байгаа 2010 он үйл явдлаар өрнүүн байлаа. Холбооны 50 жилийн ой тохиосон төдийгүй тус холбооны ерөнхийлөгч Л.Болд “Бөртэ чоно”-ын эзэн болж, ахмад тамирчид Монгол хүний яс чанарыг тив дэлхийд гайхшруулж, медалийн арвин ургац хураасан байна. Тиймээс ч оны шилдгийн шагналын дээж ахмад тамирчнаасаа эхэлсэн юм. Ази тивийн рекордыг шинэчлэн тогтоосон амжилтаараа спортын матсер Г.Цэрэндолгор оны шилдэг ахмад тамирчин боллоо. Монголын хөнгөн атлетик тэр дундаа марафоны нүүр царай болж буй ОУХМ Б.Сэр-Од оны шилдгийн шилдэг тамирчин боллоо. Тэрбээр хамгийн сүүлд Японд болсон Хофү Ёмиүри марафонд түрүүлж, цом өргөсөн. Түүнчлэн ирээдүйд Монголын хөнгөн атлетикийн спортыг төлөөлөх өсвөрийн тамирчдаа ч холбооны удирдлагууд мартсангүй. Оны шилдэг өсвөрийн тамирчнаа тодруулж, Дорнод аймгийн тамирчин Б.Солонгыг болор цомоор урамшууллаа. Тэрбээр 2010 онд зохиогдсон бүх тэмцээнд түрүүлж, бас улсын хамгийн хурдан хүүхдээр шалгарсан юм. Мөн оны шилдэг дасгалжуулагчаар Дорнод аймгийн Г.Батхүү шалгарсан бол оны шилдэг холбоогоор мөн л Дорнод аймгийн хөнгөн атлетикийн холбоо тодорчээ.

Монголын хөнгөн атлетикийн холбооны удирдах зөвлөлийн ээлжит хурал ийнхүү шагналын хураар эхэлсэн. Үргэлжүүлээд үндсэн найман асуудлаар хуралдаж, өнгөрч байгаа оны ажлын тайлан гүйцэтгэл болоод ирэх онд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө ярилцсан юм. 

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж