
Германы ихэнх нутгаар орсон их хэмжээний цасны улмаас Бундеслигийн “Шальке 04” багийн “Велтинс Арена” цэнгэлдэхийн дээвэр нуржээ. Гельзенкирхен хотод байрлах тус цэнгэлдэхэд “Шальке 04” клубын бүхий л тоглолт болдгоос гадна энэ долоо хоногийн сүүлээр биатлоны World Team Challenge тэмцээн болох ёстой байсан юм. Харамсалтай нь, Зул сарын баярын өдөр орсон их хэмжээний цасны улмаас цэнгэлдэхийн дээвэр цөмөрч, 1000 кв.метр талбайг хамрах хэмжээний дээврийн хэсэг нурсан учир тэмцээнийг цуцлахаас өөр аргагүйд хүрсэн байна. Энэ талаар тус багийн захирал Петер Петерс “Биатлоны тэмцээний өмнө дээврийн цоорхойг нөхөх боломжгүй. Үзэгчдийн аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал” хэмээн ярьжээ.
Азаар Бундеслигийн өвлийн амралт эхэлсэн бөгөөд “Шальке 04” Велтинс Арена цэнгэлдэхдээ ирэх сарын 15-нд “Гамбург”-ийг хүлээн авах хуваарьтай байгаа юм. Тэгээд ч тус тоглолтыг задгай дээвэртэй нөхцөлд зохион байгуулах боломжтой ажээ.
Мэргэжлийн хүмүүс дээвэр дээр унасан цасыг буулгасан боловч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан дээвэр дээр гарч, засварлах боломжгүй байгаа гэнэ.
“Велтинс Арена” цэнгэлдэх 2001 онд ашиглалтад орсон бөгөөд нийт 61482 хүний багтаамжтай. Тус цэнгэлдэхэд өмнө нь 2004 оны Аваргуудын лигийн финалын тоглолт болон 2006 оны ДАШТ-ий хэсгийн шатны таван тоглолт болж байсан юм.
С.Цэлмэг