Гэрэлтэй шөнийн “ГЭГЭЭ”-тэй ҮДЭШ

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Гэрэлтэй шөнийн “ГЭГЭЭ”-тэй ҮДЭШ

Өвлийн тэнгэр дор одод инээмсэглэж гадаа намдуухан салхин сэвшээ илбэх жиндүүхэн ч дулаахан энэ өдөр орон нутгийн анхны өнгөт хэвлэл болох Сэлэнгэ аймгийн “Шинэ ГЭГЭЭ” сонин таван насныхаа ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Аймгийн төв Сүхбаатар хотод ашиглалтанд ороод тийм ч их удаагүй “ОРХОН” зоогийн газарт бидний ойн арга хэмжээ боллоо. Баярын арга хэмжээ албан ёсоор эхлэх хүртэл хүрэлцэн ирсэн зочид маань “Миний монгол” телевизийн хамт олны бэлтгэн гаргасан “Бидний тухай” нэвтрүүлгийг тухлан үзэж, манай редакцийнхан ирж буй зочидоо угтан авч хоймортоо залсаар.

Аймгийн ИТХ-ын дарга ноён Ж.Санжжав хүрэлцэн ирснээр манай ойн арга хэмжээ албан ёсоор эхэллээ. Ойн арга хэмжээний хөтлөгчөөр наргианч, доргионч, элэглэгч, яруу найрагч, зураач зэрэг олон төрлийн авъяастай “элдэв”-тэй нөхөр болох Дарханы Д.Мянганзам ах ажиллаж хүрэлцэн ирсэн олныг хөгжөөж, доргиож арга хэмжээний сүрийг өргөсөн юм. Энэ үеэр МЗЭ-ийн шагналт яруу найрагч, МУ-ын СТА Т.Доржсүрэнгийн үг, МУ-ын СТА хөгжимчин Б.Амарсайханы ая “ГЭГЭЭ” хэмээх цоо шинэхэн дууг дуучин Б.Хишигжаргал, Г.Бат-Эрдэнэ, уран сайханч Г.Батжаргал, Г.Орхончимэг нарын залуу авъяастнууд сэтгэл хөдөлгөтөл сүртэй сайхан дууллаа. Цардмал замаар товшоод л алхаад баймаар, цайгаа уух зуурч өсгий тогшин аялаад суумаар цоглог, эрчтэй энэ дууны үг, ая, дуучдын дуулах байдал сэтгэлд нэг л дулаахан, зүрхэнд нэг л дотно сайхан.

“Халуун, хүйтэнд хоолтой, хоолгүй явж бидний ажлыг олонд хүргэж байдаг та бүхний ажлыг бид дэндүү сайн ойлгож, мэдэрдэг. Хэвлэл мэдээлэл бол бидний ард иргэдтэйгээ харилцах гүүр нь юм” хэмээх дотно сэтгэлийн үгийг Аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав нээлтийн үеэр хэлж байлаа. Энэ үнэн үг. Төр захиргаанаас зохион байгуулж байдаг бүхий л арга хэмжээн дээр “хэвлэлийнхэн” хэмээх тодотголтой цөөхөн хэдэн хүн байнга л явна. Хэн нэгнийх нь машинд дайгдаж, заримд нь орхигдож, халуунд нь халж, хүйтэнд нь хөрч. Сэтгэл, зүтгэл, хөдөлмөрөөрөө “баян” хэвлэлийнхэнээ ойлгон хүндэтгэж, манай ойн арга хэмжээнд бидний урилгыг өвөртлөн “өөрийн биеэр” хүрэлцэн ирсэн Ж.Санжжав даргадаа “баярлалаа” гэдгээ сониныхоо алтан хуудсаар дамжуулан хүргэе. Ойн баярын хүндэт зочид нь Аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, “Шинэ ГЭГЭЭ” сонины эрхлэгч Л.Бямбаа, Аймгийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Р.Бумдарь, МСНЭ-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын тэргүүн Н.Оюунмаа, хэвлэл мэдээлэл хариуцсан төвийн бүсийн захирал Ө.Рагчаасүрэн, О.Хишигсүрэн, МЗЭ-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын дарга Т.Доржсүрэн нар байлаа.

Бидний ойг хүндэтгэн алс холоос зорьж ирсэн Мандал сумын засаг дарга ноён Б.Цээпилдорж, Зүүнбүрэн сумын засаг дараг ноён Б.Батчулууун, Баянгол сумын Засаг дарга ноён  Б.Энхбат, Орхонтуул сумын Засаг дарга ноён Р.Эрдэнэбаяр нартаа баярлалаа. Мөн хүрэлцэн ирж амжаагүй ч халуун баярын мэндчилгээ ирүүлж мөнгөн тусламж үзүүлсэн УИХ-ын эрхэм гишүүн О.Чулуунбатад талархлаа. 

“Шинэ  ГЭГЭЭ” сонины ойг хүндэтгэн хүрэлцэн ирсэн Аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга хатагтай Г.Нарантуяа, Аймгийн ХХААЖДҮГазрын дарга Х.Даваахүү, мэргэжилтэн Д.Мягмарсүрэн, Аймгийн Ахмадын хорооны дарга Г.Зориг, Аймгийн БТСГазрын дарга Б.Баттулга, Аймгийн МХГазрын дарга М.Энхсайхан, Аймгийн БГХӨСТөвийн дарга Эрдэнэбат, Тээврийн хэрэгслийн оношлогоо хяналт зохицуулалтын албаны Сэлэнгэ аймаг дахь салбарын дарга Т.Ариунаа, Аймгийн нэгдсэн музейн дарга Буянтогтох, эрдэм шинжилгээний ажилтан эрдэмтэн зохиолч Ө.Бавуу, МЗЭ-ийн салбар зөвлөлийн дарга Т.Доржсүрэн, эрдэмтэн зохиолч И.Цоодол, зохиолч яруу найрагч Н.Сүхдорж, Л.Банзрагч, О.Базарбат, З.Одончимэг, О.Саранхүү эрхлэгчтэй Мандал сумын “Залуус” телевизийн хамт олон,  “Миний Монгол” телевизийн хамт олон, “Сэлэнгэ” хэвлэл мэдээллийн нэгдсэн редакцийн хамт олон, Статистикийн хэлтсийн хамт олон, МҮОНТ-ийн хураамжийн тасгийн хамт олон, манай редакцийн идэвхитэн бичигч Н.Шүхэрт өвөөдөө, идэвхитэн бичигч бидний дотны туслагч залуу яруу найрагч дүү З.Дэлгэрцэцэг болон түүний аав Загдрагчаа гуайд , Сэлэнгэ телевизийн зураглаач Я.Наранцэцэг, Тулгаа, АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын дуучид, хөгжимчид, бидний ар гэрийн бат түшиг тулгуур М.Нарантуяа, С.Төмөрхуяг, Р.Адъяа нартаа чин сэтгэлийн халуун талархлыг илгээж ажил хөдөлмөр, өрх гэр бүлд нь халгиж цалгисан инээд хөөр, баяр баясал, амжилт бүтээлийн дээдийг  өргөн дэвшүүлж байна.

“Шинэ ГЭГЭЭ” сонины 5 жилийн ойг тохиолдуулан нутгийнхаа ард түмэнд оюуны хөрөнгө оруулалт хийх нэр төртэй бөгөөд хариуцлагатай ажилд өндөр амжилт гаргасан тул “Шинэ ГЭГЭЭ” сонины 2010 оны “Шилдэг захиалагч байгууллага”-аар: Б.Цээпилдорж даргатай Мандал сум, Ч.Жаргалсайхан даргатай Цагааннуур сум, Д.Сундуй даргатай Алтанбулаг сум, Б.Булганчимэг даргатай Орхон сум, Г.Эрдэнэбаяр даргатай Орхонтуул сумд шагнагдсан.

Мөн “Шилдэг хамтрагч өргөмжлөл”-өөр: Аймгийн ЗДТГ, Хас банкны Сэлэнгэ аймаг дахь салбар, Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Мобикомын Сэлэнгэ аймаг дахь салбар, “Хүндэт өргөмжлөл”-өөр: МЗЭ-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын тэргүүн Т.Доржсүрэн, Аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Р.Бумдарь, эрдэмтэн зохиолч И.Цоодол, зохиолч О.Базарбат, идэвхитэн бичигч Н.Шүхэрт нарыг тодруулж 1 жил “Шинэ ГЭГЭЭ” сонинг үнэгүй захиалж унших эрхээр шагналаа.

Гэрэлтэй шөнийн “ГЭГЭЭ”-тэй үдэш манай редакцийнханд шагналын хур буулаа
Ойн баярын өдөр “Шинэ ГЭГЭЭ” сонины эрхлэгч Л.Бямбаа Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”,  МҮХАҮТанхимын дээд шагнал “Хийморийн одон”, МАОЭНХолбооны “Тэргүүний ажил олгогч” тэмдгээр, редактор, сурвалжлагч Ч.Отгонцэцэг Аймгийн ИТХ-ын шагнал, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналаар, эх бэлтгэгч сурвалжлагч Д.Одонтунгалаг Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, МЗЭ-ийн тэргүүний залуу “Алтан медаль”-ийн эзэд болцгоолоо. Мөн энэ үеэр Монгол Ардын Нам болон Мандал сумын Зүүнхараа хотын  “Залуус” телевиз сурвалжлагчдыг мөнгөн шагналаар урамшууллаа.

Биднийг дэмжигч сэтгэл нэгтнүүддээ баярлалаа
Уран бүтээлчдийнхээ гэр бүл, үр хүүхдүүд болон Сэлэнгэ аймгийн нийт ард түмэндээ зохиолч, уран бүтээлчдийнхээ өмнөөс шинэ жилийн мэнд дэвшүүлж, аз жаргалыг ерөөе.

Ч.Отгонцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж