Иргэний шинэчилсэн бүртгэл энэ оны долдугаар сарын 5-ны өдрөөс эхэлсэн. Аравдугаар сарын 30-ны өдөр гэхэд бүрмөсөн дуусгахаар төлөвлөсөн шинэчилсэн бүртгэл он дуустал үргэлжилсэн ч иргэдээ зуун хувь хамруулж хараахан амжаагүй байгаа. Бүр нийт хүн амынхаа тал хувийг бүртгэж амжаагүй аймаг ч мэр сэр бий гэх. Гэтэл Улсын бүртгэлийн газраас нийслэлийн хороод дээр явагдаж буй шинэчилсэн бүртгэлийг даваа гаригаас эхлэн зогсоох шийдвэрийг гаргажээ. Хороон дээр ажиллаж буй бүртгэгч нарыг бүртгэлд орсон хүмүүсийнхээ мэдээг эцэслэн өгч, компьютер техник хэрэгслээ хүлээлгэн өгөхийг үүрэгджээ. Иймд бид Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэргэжилтэнтэй холбогдож энэ талаар тодруулахад “Одоогоор бүртгэлийг зогсоосон зүйлгүй. Шинэ оны дараагаар шинэчилсэн бүртгэлийг хороон дээр үргэлжлүүлэх үү, нийслэлд төвлөрүүлэх үү гэдэг асуудлыг шийднэ. Одоогоор ямар ч шийд гараагүй, зөвхөн ярилцаж л байна” гэсэн хариу өглөө.
Д.Цэцэн