Иргэд 2010 оны шилдэг улстөрчийг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Иргэд 2010 оны шилдэг улстөрчийг нэрлэв

Он солигдоход хэдхэн өдөр үлдлээ. Үүнтэй уялдуулж оны шилдгийг шалгаруулах уралдаан улс даяар өрнөж байна. Тэгвэл бид захиалгат шалгаруулалтын дүнг бус энгийн иргэдийн дуу хоолойг сонсч, өнгөрч буй онд тэд хэнийг шилдэг улстөрчөөр нэрлэж буйг нь сонирхсон юм.

Иргэн Х.Цэрэндолгор:
-С.Ламбаа сайдыг хүндэлдэг. Би өөрөө эрүүл мэндийн байгууллагад ажилладаг. Эрүүл мэндийн салбарыг удирдана гэдэг их хүнд ажил. Тэнцэх хүн ховор байдаг. Харин 2010 онд энэ салбарт С.Ламбаа сайд өмнөх сайдуудаасаа илүү ажиллаж чадсан юм болов уу. Бодоод үз л дээ. Янз бүрийн өвчин их гарсан. Ийм үед манайхан салбарын сайдаа буруутгадаг зантай. Ийм байдал С.Ламбаа сайдыг ч тойроогүй. Хэвлэлүүдээс харж байхад хэл аманд нэлээд өртсөн байсан. Гэхдээ би энэ жил түүнийг сайн ажилласан гэж дүгнэнэ. Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд ч надтай санал нэгдэх байх. 

Иргэн Ш.Халтар:
-Би Ч.Улаан гишүүнийг дэмждэг. Тойрогтоо их юм хийсэн. Сүхбаатар аймгаас сонгогдсон хүн шүү дээ. Энэ онд Сүхбаатар аймаг тохижилтын хувьд эрс өөр болсон. Түүнийг Ч.Улаан гишүүн л хийсэн. Очоод харахад Сүхбаатар аймгийн төв талбай Улаанбаатарын төв талбайтай бараг адилхан болсон. Гэрэлтүүлэг, тохижилтын ажлын хувьд их юм хийсэн. Талбай гэхээр манайхан хүүхдийн сагсан бөмбөгийн талбайг боддог юм шиг байгаа юм. Тийм биш. Яг мөрийн хөтөлбөрт тусгаснаа хэрэгжүүлсэн.

Иргэн Ч.Сүхбаатар:
-Энэ олон хүмүүсээс арай зөв яриад байгаа нь С.Эрдэнэ гишүүн юм болов уу. Тавантолгой, Оюутолгойн чухал асуудалд их анхааралтай хандаж байгаа санагддаг. Өнөө өглөө телевизээр энэ талаар ярьж байгаа харагдсан. С.Эрдэнэ гишүүний зөв гэж бодож байна. Бид байгалийн баялагтаа анхаарлаа хандуулж, эзэн нь байх ёстой. Хуйвалдаан болоод хоцрох вий гэж байнга сэрэмжилж, санаа зовинох хэрэгтэй.

Иргэн С.Пүрэвдорж:
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг гэж бодож байна. Өөрчлөлт хийх гэж их үзэж байна. Бусад улстөрчид идэвхгүй байгаа шүү дээ. Ер нь хуулийн байгууллагад өөрчлөлт, шинэчлэл хийхээр ажиллаж байгаа нь их таалагдаж байна. Миний хувьд Ерөнхий сайд байхад нь ч хүндэлж, итгэл хүлээлгэдэг байсан.

Иргэн З.Мөнхбаатар:
-Олон гишүүн байна. Яг одоо нэрлэвэл Х.Баттулга сайд байж болох юм. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар зөв хүнийг томилсон. Бусдаасаа арай хөдөлмөрч юм болов уу гэж ажиглагддаг. Асуудалд их нухацтай ханддаг болов уу гэсэн бодлыг ч төрүүлдэг юм. Манай улс ойрын тавин жилдээ хийгээгүй бүтээн байгуулалтыг ирэх оноос эхлүүлэх гэж байна. Тийм болохоор ийм хүнээр энэ салбарыг удирдуулж байгаа нь зүйтэй.

Иргэн Б.Цэдэндаш:
-Энэ асуудал дээр нэг их бодож төлөвлөсөн юм алга л байна. Гэхдээ мэдээж олон телевиз сонин байгаа юм чинь бүгдийг нь ажигласан байгаа. Дийлэнх нь санаанд хүртэл ажиллаж чадахгүй байна. Ялангуяа гүйцэтгэх засаглалынхан санаанд хүртэл ажиллаж чадахгүй байна гэсэн дүгнэлтийг иргэдээсээ сонсохгүй байх ёстой. Энэ жил бусдаасаа арай ажилласан улстөрчөөр Ерөнхий сайд С.Батболдыг нэрлэнэ. Саяхан хойд хөрш рүү яваад сайхан үр дүнтэй гэрээнүүд хийгээд ирж байна. Итгэл төрүүлсэн зүйл олон харагдсан.

Иргэн Б.Дэлгэрэх:
-С.Баярыг их хүндэлдэг. Буурьтай, ухаалаг хүн шиг санагддаг юм. Өнөөдөр бидний үеийн залуучууд орой зурагтаар улстөр гээд бөөн хэрүүл хараад байх сонирхолгүй байгаа шүү дээ. С.Баярын хувьд зарим улстөрч шиг залуустай уулзаад, тархийг нь угаагаад явдаггүй. Зүгээр л хийх юмаа хийгээд, аливаа асуудалд цэгц, шулуунаар ханддаг. Ийм байдал нь л таалагддаг.

Иргэн Х.Мөнхчунсан:
-Хотын дарга Г.Мөнхбаяр байна. Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт хөгжиж байна. Ер нь ч сайхан хот шүү дээ. Утаатай, хогтой гээд аль муухайгаар нь дуудаж, хотын дарга ажлаа хийхгүй байна гэж их шүүмжилдэг. Би бол үүний эсрэг байдаг хүн. Тэр хүн ямар гал түлж утаа гаргаад байгаа биш. Харин Г.Мөнхбаярын хийхээр төлөвлөсөн ажил доод, дунд шатандаа унадаг гэж боддог. Хар л даа. Төсвийг нь гаргаад, замыг нь тавилаа. Чанаргүй зам гэж шүүмжлүүлнэ. Тэр замыг чинь хотын дарга гардаж хийгээгүй шүү дээ. Ийм зүйлүүдийг манайхан анзаарах ёстой санагддаг.

Иргэн П.Нинж:
-С.Баярцогт байж болох юм. Эрч хүчтэй, нүдэнд дулаахан залуу харагддаг. Манай тойрогт нэр дэвшээгүй болохоор мөрийн хөтөлбөрөө биелүүлж байгаа талаар нь сайн мэдэхгүй юм. Саяхан төсөв батлах үеэр хэвлэлүүд түүний талаар янз бүрээр бичиж байсан. Миний хувьд өсөх ирээдүйтэй, сайн улстөрч юм болов уу гэж анзаардаг юм. Өөр хэнийг нэрлэх вэ дээ.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж