Монгол Улс байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлэх гүрнүүдийн нэг болох боломжтойг дэлхий нийт хүлээн зөвшөөрч эхэллээ. Монголчууд үүний эхлэлийг улиран одож буй 2010 онд ажил хэрэг болгож чадсанаараа бахархаж суугаа нь лавтай. Энэ онд Монголын уул уурхайн компаниуд олон улсын хөрөнгө оруулагчдад эх орноо сурталчилж, монголчууд хөрөнгийн зах зээлд өрсөлдөх чадвартай гэдгийг баталж чадсан юм. Одоогоор “Петроматад”, “Хүннү коал”, “ММС”, “Харанга ресурс” зэрэг компани олон улсын Хөрөнгийн биржүүдэд хувьцаагаа борлуулж байгаа юм. Эдгээр компанийн хувьцааны ханш тогтмол өсч, олон улсын хөрөнгө оруулагчдын хөрөнгийн урсгал Монголыг чиглэж байна. Иймээс ч энэхүү бүтээн байгуулалтын эрин зууныг гадны хөрөнгө оруулагч, сайн түншлэлгүйгээр төсөөлөхийн аргагүйг монгол хүн бүхэнд ойлгуулж чадсан юм. Тэдний ачаар гадаадын хөрөнгө оруулагчид ч монголчуудад итгэх итгэлтэй болж, дэлхийн хөрөнгөтнүүд Монголыг сонирхож, хоорондоо “булаалдаж” эхэллээ. Тиймээс ч төр засгийн тэргүүнүүд уул уурхайн салбарт анхаарлаа хандуулж, өндөр ач холбогдол өгсний үндсэн дээр стратегийн томоохон ордуудыг ашиглах гэрээг үзэглэн дэлхийн жишигт нийцэх хөрөнгийн зах зээлийг эх орондоо нутагшуулах эхлэлийг энэ онд тавив. Монгол хүн дэлхийн хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд эх орныхоо Хөрөнгийн биржээр дамжуулан оролцох бололцоог бүрдүүлэхийн тулд хөрөнгийн зах зээлийн менежментийг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг дэлхийн жишигт нийцүүлэх ажлыг дээрх компаниуд нээж өглөө. Мөн дэлхийн жишигт нийцсэн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдэх Хөгжлийн банкны асуудлыг ч энэ л компаниуд идэвхжүүлсэн юм. Төр засаг, хувийн хэвшлийнхэн хамтарч ажиллах эхлэл гагцхүү уул уурхайн салбараас салаалж, олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахын тулд давах ёстой шалгуур үзүүлэлтүүдийг хангахын төлөө хүчээ нэгтгэж ажиллаж эхэллээ. Үүний тод илрэл нь олон улсын хөрөнгө оруулагчдыг урьж, уулзалт зөвлөлгөөн хийх, Монголын компаниудад зөвлөгөө өгөх арга хэмжээнүүдийг өнгөрч буй онд шил дараалан зохион байгуулсан явдал байлаа. Мөн дэлхийн томоохон Хөрөнгийн биржийн мэргэжилтнүүдтэй уул уурхайн компанийн захирлуудыг харилцан санал солилцуулж, олон улсын Хөрөнгийн биржүүдтэй танилцуулсан нь Монголын компаниудын “нүдийг тайлах” анхны алхам болов. Олон улсын Хөрөнгийн биржид анхдагчид болсон компаниудын нээсэн энэ зам уул уурхайн компаниудад урам өгөхөөс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бүртгэлтэй брокер, дилерийн компаниудыг эх орондоо хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болж байна. Эдгээр компанийн хувьцааг авах хүсэлтэй монгол иргэдэд мэдээлэл өгөх, хувьцаа худалдаж авахад нь туслахаар “Нортерн сек” болон “Монголын олон улсын хөрөнгийн корпораци” гэсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брокер, дилерийн компани хөгжиж байгаа юм.
Р.САРАНГОО
"Улс төрийн тойм" сонин