Дуурийн театрын оны онцлох үйл явдал

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Дуурийн театрын оны онцлох үйл явдал

Улирч буй 2010 онд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрынхан уран бүтээлийн олз омог ихтэй байсан юм.

П.И.Чайковскийн “Нойрссон гүнж”-ийг сэрээв
Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балетыг сэргээн тоглосон нь сонгодог урлагт тэр дундаа балетын урлагт хайртай үзэгчдэд маш том бэлэг болсон. 120 жилийн түүхтэй энэ балетыг сэргээн тавьхад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын гэргий хатагтай Х.Отгонтуяагийн тэргүүлдэг “Төгөлдөр сан” ивээн тэтгэсэн юм. Арав орчим сая төгрөгөөр дахин сэргэсэн “Нойрссон гүнж” балетыг өнгөрсөн зургадугаар сарын 6-нд тайзнаа дахин сэрээсэн. Энэ өдөр Аврора гүнжийн дүрд соёлын тэргүүний ажилтан Ч.Ганчимэг, Дезире ханхүүд О.Ганцоож, Синери дагинад Б.Баасансүрэн, дагинасуудад Б.Саруул, Ц.Жаргалан, Б.Энхтуул, Ц.Хонгорзул, хорон санаат шидтэн Карабост соёлын тэргүүний ажилтан Х.Мөнгөнхөлөг, Жононд М.Од, Н.Чинзориг, Э.Эрдэнэжаргал, Ц.Төмөрсүх, дөрвөн жижиг Фрелингд соёлын тэргүүний ажилтан Г.Цолмон, Ц.Хонгорзул, Б.Алтаннамар, Б.Долгормаа, Хатанд соёлын тэргүүний ажилтан Х.Чойжилсүрэн, Хатан хаанд соёлын тэргүүний ажилтан Ш.Оюунтуяа нар тус, тус тоглолоо. Харин симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх удирдан тоглуулсан.

Италийн удирдаач Роберто Салвалаио ирэв
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өвөл цагийн нээлтээ өнгөрсөн аравдугаар сарын 10-нд Дж.Пуччини “Чио Чио Сан” дууриар нээв. Энэ өдөр симфони найрал хөгжмийг Италийн нэрт удирдаач Роберто Салвалаио удирдсан. Тэрбээр Б.Сэргэлэн захирлын урилгаар Монголд хоёр сарын турш ажиллахаар ирсэн юм. Роберто Салвалаио нь хоёр сарын хугацаанд Дж.Вердийн “Травиата” дуурь, П.И.Чайковскийн “Хунт нуур” балет, Дж.Вердийн “Богема” дуурь, “Трубадур” дуурийг удирдан тоглуулсан юм. Роберто Салвалаио ирэх онд дахин Монголд ирж ажиллах болсон гэдгийг дуулгахад таатай байна.

Якутын театрынхан зочилсон өдрүүд
Өнгөрсөн аравдугаар сарын 20-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт Саха Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 110-аад уран бүтээлчид айлчлан тоглолтоо хийгээд буцсан. Тэд гурван хоногийн хугацаанд дэлхийд алдартай хоёр балетыг Дуурь бүжгийн эрдийн театрын тайзнаа амилуулж, хоёр улсын театрын уран бүтээлчдийн хамтарсан гала тоглолтыг хийсэн юм. Аравдугаар сарын 22-нд П.И.Чайковскийн “Хунт нуур”, 23-нд С.Прокофьевын “Ромео Жульетта” балетыг Якутын театрын уран бүтээлчид тайзнаа тоглосон бол 24-нд Монгол, Якутын театрын хамтарсан гала тоглолт амжилттай болж өндөрлөсөн.

Дж.Вердийн “Аида” дуурь Монголд эгшиглэнэ
Өвөл цагийн нээлтээ хийснээс хойш театрын уран бүтээлчид Дж.Вердийн “Аида” дуурийг тайзнаа тоглохоор бэлтгэл ажилдаа орсон. Дэлхийн хамгийн шилдэг дуурь болох “Аида” нь Дж.Вердийн хамгийн суут бүтээл гэж урлаг судлаачид үздэг. Энэ дуурийг Монголын тайзнаа тоглох нь театрын олон жилийн мөрөөдөл байсан гэдэг. Тэр ч утгаараа Оросын нэрт удирдаач А.П.Чепурной ирж найруулаг тавьсан. Хэдийгээр дуурь хэлбэрээр тавиагүй ч концертын хэлбэрээр энэ сарын 10-нд тоглосон.  Энэ өдөр Египетийн хаан басс Ч.Чинзориг, Египетийн хааны гүнж Амнерис меццо сопрано Р.Доржхорлоо, Аида Эфиопын гүнж сопрано С.Мөнгөнцэцэг, хааны ордны хамгаалалтын дарга Рамадес тенор Ч.Түмэндэмбэрэл, сүмийн тэргүүн зайран басс Б.Алтанхуяг, Эфиопын хаан, Амонасро баритон Ц.Баттөр, элч тенор Г.Шижирболд нар дуулав.

П.И.Чайковскийн “Щелкунчик” хувцсаа солилоо
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын гэргий хатагтай Х.Отгонтуяагийн тэргүүлдэг “Төгөлдөр сан” суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Щелкунчик” балетын 149 хувцас, жижиг хэрэглэлийг бүрэн шинэчилж өгсөн. Энэ сарын 25, 26-нд тоглосон “Щелкунчик” балет цоо шинэ хувцастайгаар үзэгчидтэй мэндчилсэн юм.

 М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж