Д.Зоригтыг УИХ-ын даргад ховлов

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Д.Зоригтыг УИХ-ын даргад ховлов

УИХ-ын нэр бүхий гишүүд шинэ оноос урьтаж Засгийн газрын гишүүдийг огц­руулахаар шийд­жээ. Тодруулбал, Ц.Батбаяр, С.Эрдэнэ, Ц.Сэд­ванчиг нар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулахаар санал нэгдэв. Тэд энэ талаарх өргөх бичгийг өчигдөр УИХ-ын даргад барилаа. “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын талаар УИХ-ын Төсвийн байнгын хороонд шаардлагатай мэдээлэл өгөөгүй, хө­рөнгө оруулалтын гэрээний талаар УИХ-аас гаргасан 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаагүй гэх үндэслэлээр тэд Д.Зоригт сайдыг буруутгажээ. Ц.Батбаяр гишүүн цахилгааны шинэ үүсвэр барих асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Үүний хариуг Д.Зоригт сайд өгсөнд багагүй бухимдаж, түүнийг салбарын сайдын хувьд ажлаа хийдэггүй гэж учраас огцруулна гэж мэдэгдсэн. Үүндээ хүрч “ТЭЦ-V цахилгаан, дулааны станцыг барих талаар дорвитой ажил хийгээгүйгээс нийслэлд арван мянган айл гэрэлгүй, бүтээн байгуулалтын ажил зогсонги болсон учраас огцрох ёстой” гэж үзсэн байна. Мөн Налайхын уурхайд сүүлийн гурван жилд 43 уурхайчин осолдсонд салбарын сайдыг буруутгажээ. Засгийн газ­раас Налайхын уурхайчдыг бүртгэж, аюулгүй ажиллагааг нь хангасан бол золгүй байдлаар олон хүн амиа алдахгүй байсныг гишүүд онцол­жээ. Сэргээгдэх эрчим хүчний салбарт зарласан тендер будлиантуулдаг “хэргийн эзэн” нь Д.Зоригт сайд гэнэ. Мөн гишүүдийн дүгнэснээр утаагүй түлш үйлдвэрлэх эрхийг ТЭЦ-II цахилгаан, дулааны станцад өгөх байтал “Аморе интернэшнл” компанийг тендерт ялуулсан. Улмаар утаагүй түлш үйлдвэрлээгүй байхад нь их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь сайдын булхай аж.

Хэл ам татлаад байгаа урт нэртэй хууль ч Д.Зориг сайдын сэнтийг ганхуулжээ. Учир нь Ус мөрний урсац бүрэлдэхүүн эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсанаас хойш 192 хайгуулын болон ашиглалтын лицензийг хориглосон талбайд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд олгосон аж. Дээрх үндэслэлүүдээр Д.Зоригт сайдыг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барьжээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж