Дайсантайгаа
хайр найргүй тэмц. Дайснаа ялж байж чи хүний дайтай хүн явна. Чиний амьдралын
замд хөнөөгч дайсан мундахгүй хөндөлсөнө. Дайсан ил далд, гадна дотор хаа
сайгүй бий. Хүний амьдралд гаднаас учруулах аюулаас дотроос хөнөөх атаатан илүү
хорлонтой. Гадны аюул шууд заналхийлдэг бол дотоодын дайсан зугуухан мэрж
доройтуулна. Дотроос хөнөөх атаатан тийм ч цөөн биш.
Тэрхүү
атаатныг хүн өөрөө зохион бүтээж, өсгөн торниулж, өөрийнхөө эсрэг турхирах нь
гол гонсойм харамсмаар. Хүний амьдралын дотоод дайснууд дотроос адгийн хорлогч
нь залхуурал билээ. Гадаа хэвтсэн төмөр дотроо зүгээр байвч гаднаасаа зэвэнд
идэгддэг бол залхуурч хэвтсэн бие гаднаа зүгээр мэт байвч дотроосоо зэвэнд
баригддаг юм.