Шинэ жил ба PR-ын шинэ хэлбэр

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Шинэ жил ба PR-ын шинэ хэлбэр

Улстөрчид сонгуульд өрсөлдөх юм уу, сонгогдсон тойргоо хааяа эргэхдээ урлаг соёлынхныг “бамбай” болгон ашиглах нь түгээмэл үзэгдэл байв. Сонгогчдынхоо хайртай дуучныг нь дагуулж очоод ганц дуулуулчихсан байхад хүмүүсийн хандлага шал өөр болоод л явчихдаг-сан. Гэтэл урлагаар “хуурах” аргыг хуулиар хориглож орхисон. Гэлээ ч улстөрчид хуулиа зөрчин байж энэхүү аргаа мэр сэр ашигласаар л байгаа. Өөрөөр хэлбэл, энэ үзэгдлийг бүрэн халах ямар ч боломжгүй гэсэн үг. Улс төр хийж байгаа газар урлагийнхан хэзээд хамт л байна. Харин ийм PR-ыг хэл аманд өртөхгүй яаж цэвэрхэн хийх вэ гэдэг тэднээс нарийн ухаан шаардана. Төрийн хүнд хэцүү ажлыг амжуулахын хажуугаар хувийн рейтингээ өсгөх элдэв арга бодон шаналж яваа улстөрчдөдөө PR-ын цоо шинэ арга хэлж өгье гэж бодлоо.

Шинэ жил та бүхэнд шинэ боломж олгож байна. Ойрын өдрүүдэд аливаа байгууллага, хамт олон шинэ жилийн баяртаа гайгүй дуучин авчрах гэж хамаг байдгаа шавхаж байгаа бололтой. Урлагийн үйлчилгээний ханш суга өсч, СУИС ч төгсөөгүй хүүхдүүд хүртэл бараг сая төгрөгөөр дуулж байна, цаана чинь. Тиймээс эрхэм гишүүд маань юуны өмнө анхаарлыг нь та­тахаар сонгож, овоо хараагаа чиглүүлсэн байгууллагынхаа шинэ жилийн баяр хэзээ, хаана болохыг нь урьдчилан мэдэж авах хэрэгтэй. Тэгээд олигтойхон шиг дуучин олоод тийш нь явуул. Тэр дуучин чинь ганц, хоёр дуу дуулах зуураа таны мэндийг эвтэйхэн шиг уламжлах ёстой. Ингээд л гүйцээ. Сонгууль дөхөөд ирэхийн цагт таны энэ “ач”-ийг тэд санаж л таараа. Зарим нэг гишүүн энэ аргыг аль хэдийнэ ашиглаад эхэлчихсэн байна лээ шүү. Гэхдээ зөвхөн урлагийнхантай хуйвалдах хэрэггүй юм билээ. Саяхан нэг томоохон байгууллагын шинэ жил дээр дарга нь гарч ирээд “Манай…..гишүүн бидний баяр дээр баяр нэмэхээр энэ дуучин, өвлийн өвгөнийг явуулжээ” гээд л зарлаж байсан. Хүмүүсийн сэтгэлийг татаж, итгэлийг хүлээх их боломжийн арга байгаа биз. Сонирхож байгаа нь туршаад үз. Эрхэм төрийн түшээддээ амжилт хүсье! 

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж