Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Сүүтэй ерөнхийлөгч

Цагаан магтаал шиг сонсогдох ийм алдрыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөртөө хаяглахаар зэхжээ. Жил бүр хоёр он солигдох торгон агшинд өмнөх Ерөнхийлөгч нар маань ард түмэндээ хандаж үг хэлэн, оргилуун дарс өргөж, шинэ он ирснийг орон даяар зарладаг. Энэ жил ч Ерөнхийлөгч үг хэлнэ, хундага өргөнө. 2011 он гарсныг баталгаажуулна. Хамгийн гол нь хундагатай шампанск биш, аягатай сүү өргөх гэнэ. Анхны Ерөнхийлөгч маань “хээгүй”, дараагийнх нь “хийгүй”, гуравдахь нь “ урт шар дээлт” гэсэн имижтэй байв. Харин Эбэ ардчиллын партизан, АН-ын дарга, УИХ-ын гишүүн байхдаа “ярих урлагийн мастер”, “сэтгүүлч-улстөрч” гэх зэргээр элдвээр хэлүүлдэг байсан бол одооноос эхэлж “сүүтэй” Ерөнхийлөгч гэж дуудуулах нь. Шампанск ч бас нарийн яривал согтууруулах ундааны төрөлд орно. Хэдийгээр баярын өдөр ч гэлээ ард түмэндээ хандаж төрийн тэргүүн нь ядаж архидалтыг дэмжсэн үйлдэл хийхгүй байх ёстойг тэр олж харжээ. Шинэ оны эхний өдрөөс эхлээд шинэ жилээ тэмдэглэж яваад тасарч унаад хөлдсөн, унаж бэртсэн гээд архидалттай холбоотой хар бараан мэдээ тасардаггүй. Гэтэл өөрөө зурагтаар хүн бүр рүү хундага сарвайж, гашуун нясуун юманд дуртай нь дургүйгээсээ хавьгүй олон монголчуудаа  уруу татчихаад, дараа нь ичихгүй архидалтын эсрэг энд тэнд үг хэлээд нэмэргүйг тэр анзаарчээ. Мөнгөн аягаар дүүрэн сүү мэлтэлзүүлж бариад ерөөлийн дээдийг өргөдөг өвгөдийн заншлыг ч тэр бодолцсон нь энэ биз ээ…

Н.МӨНХТӨВШИН

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж