Иргэн бүр, байгууллага бүхэн шинэ ондоо өргүй орохыг чухалчилж байна.
Гэтэл төр маань хэдийгээр их өрийг тэглэсэн “их баяр”-тай ч
чамлахааргүй өртэй ирэх онд орох нь. Монголбанкнаас улсын гадаад өрийн
талаарх статистик мэдээллийг зөвхөн дотоод ажлын хэрэгцээнд зориулж
бэлтгэдэг. Харин ирэх оны эхний улирлаас эхлэн улирал тутам нийтэд
мэдээлж байхаар болжээ. 2010 оны гуравдугаар улирлын байдлаар Монгол
Улсын гадаад өрийн үлдэгдэл оны эхнээс 22,7 хувиар өсч, 3.2 тэрбум
ам.долларт хүрээд байна гэсэн тоо бий. Үүнээс 55 хувь буюу 1.8 тэрбум
ам.доллар нь Засгийн газрын өр ажээ. Нийт гадаад өрийн 8.1 хувь нь
Монголбанкны, 27.8 хувь нь банк бус санхүүгийн байгууллагуудын өр
байв. Харин үлдсэн 8.5 хувь буюу 275.6 сая ам.долларыг банкны секторын
өр эзэлж байна.
Монголын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд гадаад зах зээлээс урт,
богино хугацааны зээлийн эх үүсвэрийг ашиглах нь сүүлийн хоёр жилд эрс
нэмэгдсэнээс болж нийт гадаад өр ихэссэн дүн харагдаж байна гэж
мэргэжлийн байгууллагууд мэдээлжээ. Тэдний тооцоолсноор зөвхөн хувийн
хэвшлийнхний гадаад өр нэг тэрбум долларт хүрэхээр байгаа гэнэ. Энэхүү
гадаад эх үүсвэрийг салбараар нь авч үзэхэд уул уурхайн салбар 62.4
хувийг, төрлөөр нь ангилахад 66 хувь нь гадаадын хөрөнгө оруулалтаар урт
хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилт эзэлж байгаа юм. Гэхдээ
үүнд зарим аж ахуйн нэгжийн гадаад валютын зээл ороогүй байх
магадлалтай. Уг нь Валютын зохицуулалтын тухай хуулиар аж ахуйн нэгжүүд
зээлийн гэрээ байгуулснаас хойш ажлын 15 хоногт багтаан Монголбанкинд
бүртгүүлэх учиртай. Гэвч гадаад зээлийн бүртгэлд хамрагдаагүй зээлийг
дээрх тоонд оруулаагүй аж. Гадаадад зээлтэй байхын бас нэг эрсдэл нь
валютын ханшны өөрчлөлт байдаг. Энэ нь зээлийн үйлчилгээний төлбөрийг
ихэсгэж, багасгах болон зээлийн шийдвэр, төлөлтөд шууд нөлөөлдөг.
Тиймээс тухайн улсын гадаад валютын нөөц нь макро эдийн засгийг
хямралаас, ялангуяа ханшийн хэлбэлзлийн хямралаас сэргийлдэг даатгал
болж өгдөг байна. Учир нь гадаад валютын албан нөөц бол Засгийн газрын
өр, төлбөр, тооцоог гүйцэтгэх зорилготой, Монголбанкны эзэмшилд
байдаг, захиран зарцуулахад бэлэн, чөлөөтэй хөрвөдөг валют байдаг
билээ.
Гадаад валютын албан нөөцөө түүхэнд байгаагүй хэмжээнд өсгөснийг нь
үнэлж манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэл “B тогтвортой”
зэрэглэлийг сайжруулж “B+ тогтвортой” болгон ахиулсан. Гэтэл энэ
нөөцийг нэмэгдүүлэх арга замыг авч хэрэгжүүлж байсан бодлогыг УИХ,
Засгийн газрын сүүлийн үеийн шийдвэрүүд “устгаад” байгаагийн нэг нь
мөнөөх л алтны лицензийг цуцалсан явдал юм. Гадаад валютын албан нөөцийн
бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй арилжааны банкуудын
тогтвортой, аюулгүй байдалд “халдсан” энэ шийдвэрээ парламент дахин
харах хэрэгтэй байна. Ийнхүү өсч яваа амжилтаа уруудуулах гол шалтгаан
нь мөнөөх л улстөржилт, сонгогчдод таалагдах ядмагхан сэтгэхүйтэй нь
холбоотойгоор урган гарч байх юм.
Нөгөөтэйгүүр Засгийн газар гадаад өрнөөсөө салахын тулд санхүүгийн шинэ
арга хэрэгслүүдийг яаралтай, үр өгөөжтэйгээр нэвтрүүлэх
шаардлагатай. Тухайлбал Засгийн газрын үнэт цаас буюу бондын зах зээлийг
хөгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Дэлхийн банкны хийсэн
судалгаанаас харахад Монгол Улсын санхүүгийн захын хөгжил 139 орноос
129-д жагсчээ. Одоогоор Монголбанк Засгийн газрын “4000 орон сууц”
хөтөлбөрийн 30 тэрбум төгрөгийн, “Зоос” банкны харилцагчдын мөнгөн
хадгаламжийг тавьж олгох зорилгоор гаргасан 33 тэрбум төгрөгийн
бондуудыг тус тус эзэмшиж байна. Ингэхдээ “Зоос” банкинд олгосон зээл
нь Засгийн газрын бондоор солигдсон тул дээрх дүнд хасч тооцсон байгаа.
Иймд банкны активын бүтцэд чанарын өөрчлөлт авч ирэх, эрсдэл багатай
активын олон хэлбэрийг бий болгох хэрэгтэй. Мөн Засгийн газрын үнэт
цаас, өндөр зэрэглэлтэй компаниудын өрийн бичгийг нийтэд арилждаг болох
зэрэг алхмыг зоригтой хийж чадвал ирэх жил арай ч 129-д жагсахгүй болох
биз ээ. Дашрамд дурьдахад Монголбанкнаас “Засгийн газар төсвийн
алдагдлаа гадаад эх үүсвэрээр биш, дотоодын банкны салбарт хуримтлагдаж
буй илүүдэл нөөцөөсөө нөхөх шаардлагатай” гэсэн байр суурь баримталж
байгаа. Энэ нь төсвийн алдагдлыг инфляцийн дарамтгүйгээр санхүүжүүлэх,
нөгөөтэйгүүр Засгийн газрын үнэт цаасны тогтмол, жишиг зах зээлийг бий
болгоход нэмэр болох хоёр талын ач холбогдолтой гэдгийг сануулахад
илүүдэхгүй биз ээ.
У.ОРГИЛМАА
"Улс төрийн тойм" сонин