Засгийн газарт даалгавар өглөө

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Засгийн газарт даалгавар өглөө

Аюулгүй байдал гадаад бодлогын Байнгын хорооны дарга З.Энхболд өнөөдөр Байнгын хорооныхоо хурал дээр Засгийн газарт үүрэг даалгавар өгсөн байна. Энэхүү даалгаварт “Өнгөрсөн хорин жилийн хугацаанд Засгийн газрын харьяа байгууллагууд гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүдээс сургалт семинарт хичнээн төгрөгийг зарцуулсан тухай мэдээллийг гаргаж өгөх” тухай байв. Мөн энэхүү даалгаварыг энэ чуулганы хугацаанд амжин гаргаж чадах эсэхийг Сангийн сайд С.Баярцогтоос тодруулав.

Сангийн сайд даалгаврыг биелүүлэхээ амлаад, энэ ажил нилээд хугацаа шаардах тул ямартаа ч дараагийн чуулганд багтаан тайлан мэдээг гарган УИХ-д хүргүүлэхээ мэдэгдсэн байна.

Ийнхүү даалгавар өгөх болсон нь Засгийн газрын үйл ажиллагааны зардлын нилээдгүй хэсгийг сургалт семинар, гарын авлага боловсруулах, ажилтнаа чадваржуулах зардалд зориулагддагтай холбоотой аж. Засгийн газраас сургалтыг байнга хийдэг шаардлагаа тайлбарлахдаа “сургалтанд хамрагдсан ажилтнууд байнга солигддог, нийгмийн хамгааллын нийгмийн ажилтнуудын хувьд сургалтанд хамрагдсан ажилнуудын 70 хүртэл хувь нь солигдсон” гэв.

Байнгын хорооны дарга З.Энхболд “Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Монгол банкныхан ийм зардлыг ихээр гаргадаг. Хэрвээ ажилтнууд чинь ажилдаа тэнцэхгүй байвал халаад шаардлагатай хүмүүсийг авах хэрэгтэй” хэмээсэн байна.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж