Путиний өөрийн хүн, Ерөнхийлөгчийн албан тушаалыг залгамжлан авсан Дмитрий Медведев Зөвлөлтийн үлгэр загвар нь тийм ч яг төгс эерэг байгаагүй тул түүнийг дахин буцаан хэрэглэж болохгүй гэж хариулжээ. Түүнээс гадна Ерөнхийлөгч үндэстэн хоорондын асуудлыг шийдвэрлэхэд АНУ-ын туршлагыг Орос орон авч, хэрэгжүүлж болох юм гэсэн байна.
Олон нийтийн өмнө ийнхүү үг бодлоо солилцож байгаа нь тус оронд 2012 онд болох Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаатай холбогдон хоёр удирдагчийн хоорондын харилцаа муудаж, түгшүүртэй болж байгаа тухай цуу яриаг магадгүй улам дэвэргэн лавшруулж болох юм.
Путин болон Медведев тэд нарын дунд үл ойлголцох ямар нэгэн асуудал гарч байгаа гэдгийг үгүйсгэсэн бөгөөд 2012 оны сонгуулиар хоорондоо өрсөлдөхгүйн тулд хэн нь нэрээ дэвшүүлэхийг харилцан ярилцаж шийдвэрлэх болно гэдгийг нотлон ярьсан юм. Судлаачдын дийлэнх олонхийн дүгнэж байгаагаар Путин Орос орны хамгийн хүчирхэг улстөрч хэвээр байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн суудлаа эргүүлэн авна гэж үзэж байгаа юм байна.
Энэ сарын 11-нд болсон эмх замбараагүй байдал үндэстэн хооронд үүсэн бий болсон түгшүүртэй харилцаанаас үүдэлтэй бөгөөд энэ асуудлаар Кремльд болсон нэгэн хуралдаан дээр Ерөнхий сайд Путин үндэстэн хоорондын асуудлыг шийдвэрлэж ирсэн Зөвлөлт засаглалын туршлаганаас суралцаж чадаагүй байна гэж яриад оросын эх оронч үзлийг дэлгэрүүлэхийг хүссэн байна.
Үүний дараахан Ерөнхийлөгч Медведев Зөвлөлтийн туршлага дахин давтагдах ёсгүй гэж ярьсан аж.
Ерөнхийлөгч Медведев “Зөвлөлт засаглалын үед хийж байсан зүйлийг дахин давтаж болох уу? Үгүй. Боломжгүй зүйл юм. Зөвлөлт Холбоот Улс үзэл суртлын суурин дээр тогтносон төртэй байсан. Шуудхан хэлэхэд ер нь хатуу чангахан байсан. Орос өөр юм” гэжээ.
Бэлтгэсэн Д.Пунцаг