Б.Жаргалсайхан: Гэртээ өвлийн өвгөн болон орж үзээгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Б.Жаргалсайхан: Гэртээ өвлийн өвгөн болон орж үзээгүй

Олны дунд "Хасар" Жагаа гэж хүндлэгддэг гавъяат жүжигчин
Б.Жаргалсайханыг "Ярилцах танхим"-даа урилаа. Монголчууд түүнийг "Өвлийн
өвөө"-гөөр өргөмжлөөд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.

-Өвлийн өвгөний тань хувьд шинэ жилийн уур амьсгал эрт ордог байх. Энэ өдрүүдэд урилга, заллага ихтэй л явна уу?
-Өвлийн өвөөгийн ажил арванхоёрдугаар сар гараад л эхэлчихдэг. Би
өөрийгөө уядаг морь гэдэг шиг арваннэгдүгээр сар гарангуут л өөрийн
мэдэлгүй бэлтгэлээ хийдэг. Хувцас хунараа угааж цэвэрлүүлэн, үс сахлаа
аваад бэлтгэж гарна даа. Харин урилга, заллага энэ сарын 5-наас эхэлсэн.
Одоо ч ид завгүй гүйж явна. Байгууллага, хамт олны шинэ жилийн баярт
оролцож байна. Айлуудаар явж хүүхдүүддээ бэлэг тараах ажил 30, 31-ээс
эхэлнэ шүү дээ. Өнөөдөр л гэхэд Хүүхдийн ордны "Харшийн ёолк"-ны
бэлтгэлтэй байна. Өнгөрсөн жил "Харшийн ёолк" болоогүй. Харин энэ жил
хүүхдүүд нэлээд сонирхож байх шиг байна. Нэлээд том баяр болох байх.

-Та Г.Гомбосүрэн агсны халааг аваад хэр удаж байна вэ. Залуухан
жүжигчин өвлийн өвгөн болж байсан дурсамжаасаа хуваалцаач. Ц.Гантөмөр,
Д.Цэрэндагва гээд өвлийн өвгөнийг залгамжлах магадлалтай жүжигчид олон
байсан. Яагаад таныг сонгосон юм бол?

-Г.Гомбосүрэн гуай өөд болсны дараа 2004 онд "Хүүхдийн ордон"-оос утсаар
надад санал тавьж байлаа. "Хэд хэдэн хүнээс таныг л сонголоо" гэж
байсан санагдана. Тэгэхэд нь "Уучлаарай. Би хараахан өвлийн өвгөн болох
болоогүй байна. Залуухан байна" гэж хэгжүүрхсэн хариу өгч билээ. Гэртээ
ирээд Уугийдаа (гэргий гавъяат жүжигчин Т.Урнаа) энэ тухай хэлтэл "Юу
ярьж байгаа юм бэ. Ийм агуу хүний бүтээсэн "Өвлийн өвгөн"-ий дүрийг
уламжилна гэдэг том аз. Жүжигчин хүн ийм алдрыг хүртэнэ гэдэг том аз"
гэдэг байгаа.

Тэгээд ярилцаж байгаад нээрэн ч том аз, хариуцлага юм байна гээд
зөвшөөрөхөөр шийдсэн. Түүнээс хойш долоо дахь жилдээ өвлийн өвөө болж
байна. Г.Гомбосүрэн гуай бүр 20-оодхон настайгаасаа 50 гаруй жил "Өвлийн
өвөө" болсон шүү ээ. Өвлийн өвөө болохыг зөвшөөрснийхөө дараа
Уугийтайгаа Г.Гомбосүрэн гуайн гэрт очсон. Тэр үед гэргий нь амьд сэрүүн
байлаа. Бид хоёр талийгаачийн зургийн өмнө хадаг тавьж  ажлыг нь
уламжилж байгаагаа албан ёсоор хэлсэн. Гэрийнхэн нь маш их бэлгэшээж,
сайхан ч хүлээж авсан. Түүнээс хойш "Хасар" Жагаа шинэ жилээр "Өвлийн
өвөө" Жагаа болчих юм.

-Г.Гомбосүрэн гуай танд залгамж халаагаа өгөх тухай ярьж байсан уу. Ер нь та өмнө нь өвлийн өвөөгийн дүр бүтээж байв уу?
-Талийгаачтай энэ талаар ёстой ярьж байгаагүй. Надад өвлийн өвгөн болох
тухай бодол, ойлголт ч байгаагүй. Харин Хүүхдийн ордныхон намайг ямар
шалгуураар сонгосныг мэдэхгүй юм. Энэ бол миний хувьд гайхамшигтай аз.
Тэр гайхамшигтай хүн Монголын ард түмний сэтгэлд мөнхөрсөн дүрийг бүтээж
чадсан. Би тэр хэмжээнд нь биш гэхэд ард түмний сэтгэлд нийцсэн, хүлээн
зөвшөөрөгдөх хэмжээнд байхыг хичээж явдаг.


-Монголчууд Г.Гомбосүрэн гуайн урт цагаан дээл, нөмрөг, таягаар л өвлийн
өвөөг төсөөлж ирсэн. Таныг өвлийн өвөөгийн шинэ дээл оёулсан гэж
сонссон юм байна.

-Өвлийн өвгөний халааг авсныхаа дараа Г.Гомбосүрэн гуайн өмсч хэрэглэж
байсан дээл хувцас, сахал, хэрэглэлийг нь хоёр жил хэрэглэсэн.
Бэлгэшээсэн хэрэг. Олон жил сайхан энерги цуглуулсан хувцас буян болсон
байх. Талийгаачийн өвлийн өвгөний хувцас надад одоо ч бий. Өвлийн
өвгөний халааг авснаас хойш гурав дахь жилдээ шинэ дээл, хэрэглэл оёулж
байлаа. Миний дээлийг УДЭТ-ын оёдолчин Оюунчимэг урлаж өгсөн. Ганцхан
хувь дээл дээ. Үнэхээр сайхан болсон.

-Өвлийн өвгөн болсноос хойш гэртээ шинэ он гаргаж амжихгүй үе байв уу?
-Ц.Батбаяр хотын дарга байхад нийслэлчүүд Чингисийн хөшөөний өмнө он
гаргаж байлаа. Тэр үед л гэртээ он гаргаж амжаагүй. Ер нь гэртээ амжиж
он гаргадаг. Харин гэртээ өвлийн өвгөн болоод орж үзээгүй.

-Тэгвэл танай гэрт ямар өвгөн айлчилдаг вэ?
-Өвлийн өвгөн айлчлаагүй л байна. Энэ жил өвлийн өвөө болж гэртээ очно
гэж төлөвлөж байгаа. Хүүхдүүд маань шинэ жилээр хүслээ бичээд сүлд модон
дээрээ тавьчихна. Арванхоёрдугаар сарын 31-ний өглөө сэрэхэд нь хүслийг
нь биелүүлчихдэг уламжлал манайд бий. Загасчны морь усгүй гэгчээр
гэртээ л өвөө очуулдаггүй болохоос гэргий бид хоёр өөрийнхөө хамаатан
садан, найз нөхдөөрөө явж бэлэг тараадаг уламжлалтай.


-Төрийн тэргүүн, улстөрчдийнд өвөө болж очиж байв уу. Өвлийн өвгөн байх үеийнхээ содон дурсамжаас хуваалцаач?

-Улстөрчийн гэр бүлд очиж байгаагүй ээ. Харин Хүүхдийн ордны тайзан дээр
зургаан настай хүүхдэд бэлэг өгч байсан үе санаанаас гардаггүй юм. Тэр
хүү хараагүй байж байгаад эмчилгээ хийлгэж тэр жил хараа орсон юм билээ.
Тэгээд анх харсан өвлийн өвгөн нь би болж их сайхан байсан даа.


-Таныг хүүхдүүд өвлийн өвөө биш "Хасар" Жагаа ах байна гэж анзаардаг л биз дээ?

-Дунд ангиас дээш ангийнхан анзаарах тохиолдол бий. Гэхдээ тэр бүр
танихгүй дээ. Нэг жишээ ярья. Төрсөн ахындаа бэлэг тараачихаад улаан
уутаа мартчихаж билээ. Гэтэл ач маань "Өвөө улаан уутаа мартчихлаа" гээд
үнэнээсээ зовоод байсан гэсэн. Он гарсны дараа уутаа авах санаатай
ахындаа очтол "Өвөө уутаа мартчихаад явчихсан. Цас мөсний орноос ирж
авна гэсэн" гээд үнэнээсээ яриад байж билээ. Дараа жил нь өнөөх уутаа
үүрээд очтол "Өвөө уутаа олчихож" гэж баярлаад сүйд болсон. Намайг гэж
огт хар аваагүй.

-Танайхыг хорих анги, асрамжийн газруудад бэлэг тараадаг гэж сонссон юм байна. Гэр бүлийн уламжлал уу?
-Өвлийн өвгөн Жаргалсайхан гэр бүлийнхээ нэрэмжит бэлгийг хүүхдүүдэд
тараадаг уламжлалтай болоод байгаа. Дөрвөн жилийн өмнө "Нарантуул" захад
ажил хийдэг зуун хүүхдэд бэлэг өгсөн. "Хэзээ ч бэлэг авч байгаагүй" гэж
ярьсан хүүхэд ч бий. Дараа жил нь Зайсан дахь хорих ангийн хүүхдүүдэд,
III дунд сургууль болон 29 дүгээр дунд сургуулийн хүүхдүүдэд гэхчлэн жил
бүр зуу, зуун хүүхдэд бэлэг өгсөн. Энэ жил Баянгол дүүргийн дэргэдэх
асрамжийн газар болон 13, 49 дүгээр сургуулийн хүүхдүүдэд бэлэг
тараасан.


-Гэр бүлийнхээ бэлгийг хүүхдүүдэд өгөхөд гэргий тань цасан охин болох уу?

-Уугий ар талын бүх ажлыг хийнэ. Маргааш бэлэг тараана гэхээр манайхан
бүгдээрээ бэлтгэл хийнэ. Том өрөөндөө бэлгээ тарааж байгаад бөөнөөрөө
уутална. Цагаан сараар буузаа боодог шиг л юм болно доо. Гоё байдаг юм.
Ер нь өвлийн өвгөн гэдэг сайхан энергитэй ажил. Амнаас нь хар үг
гарахгүй. Үргэлж сайн сайхныг ерөөнө гэдэг гайхамшигтай буянтай ажил.

-Гэхдээ л зав гарахгүй ч юм уу бэрхшээлтэй үе тохиолдоно биз дээ?
-Ажил давхцаад бүх хүний хүслийг биелүүлж чадахгүй үе гардаг. Айлуудын
захиалгаар явахад тийм тохиолдол гарна. Хүн бүрийн хүсэлтийг биелүүлж
чадаагүйдээ шаналаад л явдаг.

-Та хүүхэд байхдаа өвлийн өвөөгөөс бэлэг авч байсан уу. Өвлийн өвөө байдаг гэдэгт итгэдэг үү?
-Өвлийн өвгөн байдаг гэдэгт одоо ч итгэдэг. Миний хүүхэд нас Дундговь
аймагт өнгөрсөн. Таван онцын эзэн байлаа шүү дээ. Би хоёр хүнээр л
өвлийн өвгөнийг төсөөлдөг. Дундговь аймгийн монгол хэл, уран зохиолын
багш Доржсүрэн гуай өвлийн өвгөн болдог байсан. Их сүрлэг, том биетэй.
Тэр хүнээр л өвлийн өвгөнийг төсөөлдөг байлаа. Нийслэлд ирснээс хойш
Г.Гомбосүрэн гуайн гайхамшигтай дуу хоолой, хөдөлгөөн сэтгэлд хоногшсон.
Тэр хоёр өвөөгөөсөө хуулах биш үйл хөдлөл, дуу хоолойг нь өөртөө
шингээхийг л хичээж байна. Би өөртөө "Жаргалсайхан гэж жүжигчин байсан
цагт өвлийн өвөө Жагаа байна" гэж хэлдэг юм.

-Очиж бэлгээ өгөх юмсан гэж хүсдэг газар бий юү?
-Болж өгвөл 21 аймагт бэлгээ тараах юмсан гэж боддог. Энэ хүсэл маань
дөрөв, таван жилийн дараа биелэх байх. Шинэ жил дөхөнгүүт Монголын бүх
хүүхэд өвөө Жагаагаас бэлгээ авах юмсан гэж боддог байгаасай гэж боддог.
Жаргалсайханы гэр бүлийн бэлэг Монголын өнцөг булан бүрт хүрнэ гэдэгт
итгэдэг.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Цэцэгдэлгэр

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж