Д.Зоригт сайдын асуудлыг 14 хоногт шийднэ

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Д.Зоригт сайдын асуудлыг 14 хоногт шийднэ

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах бичгийг УИХ-ын гурван гишүүн УИХ-ын даргад өчигдөр үдээс хойш өргөн барилаа. Эрхэм гишүүн Ц.Батбаяр, С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг нар уг бичгийг өргөн барьсан юм. 

Оюутолгой зэрэг стратегийн чухал ордуудын ашиглалтын гэрээг хариуцлагагүй хийсэн болон УИХ-ын гишүүдийн санал, байр суурийг үл тоодог, гишүүдийн асуултад хайнга байдлаар хариулдаг гэх зэрэг шалтгаанаар Д.Зоригт сайдыг огцруулах шаардлага тавина хэмээж байсан Ц.Батбаяр гишүүн ийнхүү хэлсэндээ хүрч байна. Ц.Батбаяр гишүүний Оюутолгойтой холбоотой асуудлаар тавьсан асуултыг үл тоосон гэдгээр Д.Зоригт сайдад ёс зүйн хариуцлага тооцохыг УИХ-ын дарга өмнө нь Ерөнхий сайдад анхааруулж албан бичиг илгээж байсан билээ. Гэвч Засгийн газар ямар нэг хариу өгөлгүй өдий хүрсэн тул гурван гишүүн ийнхүү бичиг өргөжээ.

Сайдыг огцруулах шаардлага тавьсан гишүүдийн тайлбарласнаар бол Оюутолгой компанийг шалгах ажлын хэсгийн зүгээс сайдад тавьсан асуултад хариу өгөөгүй, Засгийн газрын тогтоол, УИХ-ын холбогдох хуулиудыг хэрэгжүүлэхгүй байгаа, урт нэртэй хэмээн цоллогдоод буй Гол мөрний ай сав, ойн сан бүхий газраас ашигт малтмал олборлох, хайхыг хориглосон хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр нэг ч төгрөг төсөвт суулгаагүй байж 254 тусгай зөвшөөрлийг цуцлуулж нөхөн олговор өгнө хэмээн нийгэмд бухимдал үүсгэсэн, Налайхад гар аргаар ашигт малтмал эрхлэгчдийг бүртгэх, хяналт тавих ажлыг хийлгүй байсаар олон хүний аминд хүрч буй, эрчим хүчний салбарт дорвитой өөрчлөлт, арга хэмжээ авахгүй байгаа зэрэг шалтгаанаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах шаардлагыг тавьжээ.

УИХ уг асуудлыг хуулийн дагуу 14 хоногийн дотор шийдвэрлэх юм байна. Ийнхүү Хамтарсан Засгийн газарт анхны доргилт үүсч мэдэхээр болов.

                                                                                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж