
МАН-ын шинэчлэл хийгээд МАХН-ын салан тусгаарласан нь Монголын бизнесийн “мангас”-уудын үр төл болох өв залгамжлагч нарыг хэлд, хөлд оруулж эхэллээ. Тухайлбал, Монголын бизнесмэнүүдээс хамгийн ам чангатай, гар чангатай бизнесмэнүүдийн нэг, алтны магнат “МАК”-ийн Нянтайширын хүү Номтойбаяр МАН-ын залуу халаа НАМЗН-ны удирдах зөвлөлийн гишүүн болж Дорнод аймгийн залуучуудын холбоог хавсран ажиллах болжээ. Тэр саяхан тус аймгийн залуучуудын дунд “Дорнодын хөгжилд бидний оролцоо” гэсэн сэдвээр сургалт хэлэлцүүлэг, аймаг орон нутгийн хэмжээнд шилдгийг шилдэгийг онцлох “Алтан сарнай” арга хэмжээ зохион байгуулж, 14 хүний амь аварсан цэрэг залууд шагналаа гардуулсан гэнэ.
Түүгээр ч зогсохгүй Дорнодын нутгийн зөвлөл, МАК сантай хамтран “Цасны баяр” спортын хоёр дугаар наадмыг зохион байгуулж, Монголд ганц байдаг цаснаа явагч гинжит машиныг аймагтаа бэлэглэжээ. Харин түүний араас НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг нэхэж, зудад нэрвэгдсэн Завханы малчдад 20 сая төгрөг хандивласан байна.
Б.ЗАЯА