Эрх баригч намуудын бэлэн мөнгөний амлалтууд анх эхлэхдээ “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг” нэртэй байсан бол өдгөө “Хүний хөгжлийн сан”-гийн мөнгө болон хувираад байна. Хүний хөгжлийн сангаас 2010 оны хоёрдугаар сард тодруулбал, цагаан сарын өмнө хүн бүрт 70 мянган төгрөг олгосон. Хүүхдийн, залуу гэр бүлийн гэх тодотголтой хэд хэдэн халамжийг халсны дараа олгосон 70 мянган төгрөг хэсэгтээ л хүмүүсийн бухимдлыг бууруулж, амыг нь хаасан гэж болно. Харин энэ оны долдугаар сараас эхлэн сар бүр 10 мянган төгрөгийг иргэдэд олгож эхлэхдээ нэгэн болзол тавьсан нь иргэний шинэчилсэн бүртгэл байлаа. Шинэчилсэн бүртгэлд ороогүй бол тухайн иргэн төдийгүй түүний үр хүүхдүүд нь хувь, хишгээ хүртэх эрх үүсэхгүй гэсэн шаардлагын “буян”-аар бүртгэлийнхэн ихэнх хүмүүсээ 10 хурууны хээ, патиарын хамт хамт архивлаад амжсан. Харин ийн бүртгүүлсэн хүмүүсээс хувь хишгээ хүртэж амжаагүй нь цөөнгүй. Тэдний хувьд шинэ оны өмнө хувиа хүртчих сонирхол их. Гэтэл жилийн эцсийн санхүүгийн тооцоог арванхоёрдугаар сарын 25-наар тасалбар болгодог тул банк болон халамжийн газрууд олны хөлд дарагдаад байна. Зарим арилжааны банкууд халамжийн мөнгө болон хувь хишгийн мөнгийг оны өмнө олгох боломжгүй гэсэн тайлбар хэлж байгаа нь ямар учиртай болохыг Улсын хөдөлмөр халамж үйлчилгээний газрынхнаас тодрууллаа.
“Санхүүжилт дууссан” гэх учиргүй гэв
Дээр өгүүлсэнчлэн иргэний шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан иргэдэд л олгож буй сар бүрийн 10 мянга 50 мянган төгрөгийг одоогийн байдлаар нэг сая 938 мянган хүн гар дээрээ аваад байгаа ажээ. Харин хувь хишгээ оны өмнө авч амжихгүй нь хэмээн гомдоллож буй иргэдийн олонх нь шинэчилсэн бүртгэлд огт ороогүй, орсон ч бүртгүүлснээс хойш сар болоогүй хүмүүс байгааг мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Одоогоор хувь хишгээ аваагүй үлдсэн 700 орчим мянган хүний цөөнгүй хувь нь гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд байгааг ч мөн онцлов. Нэгэнт л шинэчилсэн бүртгэлдээ ороод нэг сар болсон бол элдэв шалтаг шалтгаангүйгээр мөнгийг нь энэ сарын 30-ныг дуустал олгоно гэдгийг Улсын хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас мэдэгдэж байна. Эх орны хувь хишиг болон бүх төрлийн халамжийн мөнгийг оны сүүлчийн өдөр хүртэл саадгүй олгоно гэсэн тайлбарыг албаны эх сурвалж хэлж байгаа ч зарим дүүрэгт тухайлбал, Чингэлтэйн ХААН банкныхан “санхүүжилт дууссан” гэх үндэслэлээр иргэдийн хувь хишгийг өгөхгүй байгаа ажээ. Мөн хөдөө орон нутгийнхны хувь хишгийг ч онлайнаар холбогдон олгох учиртай ч мөн л санхүүжилтгүй гэсэн шалтгаанаар иргэдийг чирэгдүүлэх болсон байна. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс болон ХААН банкны удирдлагуудаас лавлахыг оролдсон боловч баттай хариу хэлэх хүн олдсонгүй. Харин Улсын хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас “Тийм тайлбар хэлэх учиргүй. Иргэн бүрт сар тутам олгох хувь хишигт зориулж 30 гаруй тэрбум төгрөгийг аль эрт долдугаар сард “Хүний хөгжлийн сан”-д төвлөрүүлсэн. Тийм болохоор санхүүжилтгүй гэх учиргүй” хэмээн тайлбарлаж байна. Түүнчлэн оны эцсийн тайлан гаргах нэрээр арванхоёрдугаар сарын 25-наар тасалбар болгон хувь хишгийн мөнгийг өгөхгүй байгаа нь ч хууль бус үйлдэл ажээ. Учир нь УХХГ-аас арванхоёрдугаар сарын 30-ныг дуустал олгоно гэсэн шийдвэр гаргасан л бол банкууд биелүүлэх ёстой юм байна. Нийслэлийн хувьд Чингэлтэй дүүргийн Хаан банкны салбарынхан иргэдэд хувь хишгийг нь олгохгүй чирэгдүүлж байгаа ч Капитрон, Хас банкныхан элдэв саадгүй олгож буй ажээ.
Түүнчлэн халамжийн мөнгийг сардаа багтаан авч чадахгүй бол ирэх оны нэгдүгээр сарын 15-наас олгоно гэсэн банкуудын тайлбарын зөв эсэхийг лавлахад “Халамжийн мөнгөний тухайд сар бүрийн 12-13-ны өдрүүдэд улсын төсвөөс шилжүүлдэг. Иймд банкууд 15-наас эхлэн олгох нь зөв” гэсэн тайлбарыг хэлж байна. Харин ирэх оны нэгдүгээр сараас эхлэн иргэн бүрт олгох 21 мянган төгрөгийн эх үүсвэр одоогоор шийдэгдээгүй байгаа ч нэгэнт шийдвэр нь гарсан болохоор олгох нь дамжиггүй гэнэ. Гэхдээ мөн л нэгдүгээр сарын дунд үеэс нааш олгох боломжгүй ажээ.
Эхчүүдийн мөнгийг олгож дуусчээ
5-7 хүүхэд төрүүлсэн эхчүүдэд “Алдарт эх”-ийн II одон, найм болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхчүүдэд “Алдарт эх”-ийн I одон өгдөг. Улсын хэмжээнд “Алдарт эх”-ийн одонтой 130 мянган эмэгтэй байгаа. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн “Алдарт эх”-чүүдэд жилд нэг удаа олгодог мөнгөн тэтгэмжийн хэмжээг энэ оноос эхлэн хоёр дахин нэмэгдүүлээд байгаа. Энэхүү шийдвэр нь аравдугаар сарын 1-нээс хэрэгжсэн бөгөөд одоогоор эхчүүдийн мөнгийг бүрэн олгоод байгаа юм байна. “Алдарт эх”-ийн хоёрдугаар зэргийн одонтой эхчүүдэд 100 мянган төгрөг, нэгдүгээр зэргийн одонтой эхчүүдэд 200 мянган төгрөг олгож байна. Нийгмийн халамжийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу эхчүүд жирэмсний 5 сартайгаас эхлэн 10 сарын хугацаанд сар бүр мөнгөн тэтгэмж авч байгаа билээ. Энэ тэтгэмжийн хэмжээ сард 20000 төгрөг байсан бол аравдугаар сарын 1-нээс 26000 төгрөг болж нэмэгдсэн. Жирэмсэн болон нярай хүүхэдтэй эхийн тэтгэмжийг улсын хэмжээнд 82 мянга гаруй эх авч байгаа ажээ. Жирэмсэн болон амаржсан эхчүүдийн тэтгэмжид ямар нэгэн саад учраагүй бөгөөд энэ сарын 30-ны өдрийг дуустал хэвийн олгох юм байна.