2009 онд Монгол Улсын уул уурхайн салбарт нэгэн томоохон төслийг эхлүүлсэн нь Оюутолгойн гэрээг үзэглэсэн явдал байлаа. Урьд өмнө тохиолдож байгаагүй анхны, түүхэн гэдгээрээ онцлог энэхүү гэрээг тойрсон олон асуудал 2010 он дуустал эргэлзээтэй хэвээр. Бүтэн жил гаруй монголчууд Оюутолгойн гэрээг шүүн хэлэлцэж, ирээдүйн баталгаа гэгдэх энэхүү орд газраас ашиг хүртэх эсэхэд итгэл муутайхан сууна. Говийн элсэн цөлд орчин үеийн хот сүндэрлэх эхний алхам болсон барилгын суурь, баяжуулах фабрик барьж эхэлснээ хөрөнгө оруулагчид тайлбарлаж буй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал намжаагүй байхад 2010 онд УИХ Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталсан, “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулсан, Ашигт малтмалын хуулийг “мэс засал”-д оруулсан зэрэг олон үйл явдал ар араасаа өрнөжээ. Хуульдаа өөрчлөлт оруулснаар Монгол Улсын уул уурхайн салбар алдах уу, онох уу гэдэг нь ирэх оноос л мэдрэгдэх юм.
“Эрдэнэс Тавантолгой” компани нь Тавантолгойн нүүрсний ордод хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулах юм байна. Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ, орд газартай холбоотой мэдээллүүд 2010 онд олны анхаарлын төвд байсан бол өнгөрсөн 2009 онд хэл амтай баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт уул уурхайнхныг стресст оруулаад байгаа юм. Засгийн газраас 254 алтын шороон ордын тусгай зөвшөөрлийг эхний ээлжинд цуцлахаар шийдвэрлэсэн нь тус салбарынхан ирэх оныг сэтгэл гонсгор, айдас хүйдэстэй угтахад хүргээд буй. Улиран одож буй 2010 оны үргэлжлэл болох ирэх 2011 онд уул уурхайн салбарт баярын уухай гомдлын нулимстай зэрэгцэх нь.
“Эрдэнэс Тавантолгой” компани нь ирэх оноос 15 тэрбум ширхэг хувьцаа гаргах бөгөөд энэхүү хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэн бүр эзэмших бол 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр арилжаалахаар тогтсон. Мөн хувьцааныхаа 30 хувийг дотоодын болоод гадаадын хөрөнгийн биржид эргэлдүүлж, мөнгө босгох юм. Эрх баригчдын тайлбарлаж буйгаар бол 15 тэрбум хувьцааны 1.5 тэрбум ард түмэнд харьялагдах аж. Тавантолгойн орд нь 6,4 тэрбум тоннын нөөцтэй. Үүнээс 1.8 тэрбум тонн коксжих нүүрс гэсэн тооцоо бий. Ордоос жилд 15 сая тонн хүртэл нүүрс олборлох хүчин чадалтай байхаар төлөвлөсөн бөгөөд эхний жилд 1-2 сая тонн нүүрс олборлох юм байна. Харин 2012 оны сонгуультай зэрэгцэн энэ тоо нэмэгдэж, иргэн бүрт хувьцаа олгох ажил ундрах бололтой.
2011 он “мэндлэх”-тэй зэрэгцэн “алдарт” Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар тэглэгдэнэ. Энэ мэдээ алтныхны магнайг бага ч гэсэн тэнийлгээд байгаа. УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачлан батлуулсан алт, зэсэнд тавьсан онцгой албан татварын балгаар Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс багассан гэх. 2010 онд гэхэд нэг тонн гаруйхан алт тушаасан нь дээрх алдарт татварын “үр шим” аж . Шинэ он гарангуут авдар сав, хормой хатавчиндаа алтаа нуух шаардлагагүй ч хаалга үүдээ хамгаалах бас нэгэн дарамт ашигт малтмал олборлогчдод ирэх нь. Учир нь ужиг ихтэй урт нэртэй хуулийн балаг Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас ч илүү алтныхныг сандаргаж байна.
Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар энэ 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс тэглэхтэй холбогдоод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг үе шаттайгаар нэмэгдүүлэх хуулийн төслийг Сангийн яамнаас боловсруулаад байгаа аж. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дээд тал нь 7,5 хувьтай байлгахаар тогтсон бөгөөд энэ асуудал мөн л ирэх онд шийдвэрлэгдэх юм. Тэгэхээр ирж буй 2011 онд эрх баригчдын зүгээс нэмэр болохгүй гэхэд нэрмээс л битгий болчихоосой. Ийнхүү 2011 онд уул уурхайнхан хөл хөдөлгөөн ихтэй байх урьдчилсан төлөв ажиглагдаж байна.