Эх орны үйлдвэрлэлийг дэмжье

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Эх орны үйлдвэрлэлийг дэмжье

Монголын үйлдвэрчний эвлэл, NSB телевиз, Мон­голын ажил олгогч эздийн холбоо хамтран өчигдөр уриалга гаргасан байна. Уг уриалгын талаар МҮЭ-ийн хол­боо­ны ерөн­хий­лөгч С.Ганбаата­раас тодрууллаа.

-Монголын үйлдвэрчний эвлэлээс бусад байгууллагатай хамтарч уриалга гаргасан. Энэ талаар тодруулбал?

-Монголын Засгийн газраас ирэх оноос эхлэн иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөгийг олгох болсон. Ирэх оноос 805 тэрбум төгрөг иргэддээ өгөх нь тодорхой болсон. Тэгэхээр эл мөнгийг бэлнээр тарааж эхэлбэл ямар нэгэн зохицуулалт хяналт байхгүй улмаас Эрээний наймаачдын халаасанд орж, хөрш орны эдийн засгийг дэмжих бодлого болох вий гэдгээс болгоомжилж байна.

Тийм учраас мөн­гийг яаж үр дүнтэй зарцуулах вэ, үндэсний үйлдвэрлэлээ хэрхэн дэмжих вэ, хэрэглэгч ард иргэд эрдэнийн хувь хишгээ яаж үр дүнтэй зарцуулах вэ гэдэгт анхаарч ажиллах хэрэгтэй юм. Ард иргэдэд чанартай, хямд бүтээгдэхүүнийг дээрх мөнгөөр нийлүүлж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн тийм зохи­цуулалт хийгээсэй гэж хүсч байна. Бидний уриалж буй санаа нь иргэдэд тараах 21 мянган төгрөгөөр архи тамхи биш, зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдийн  бүтээгдэхүүнийг худалдан авах зэргээр зохицуулалт хийнэ үү гэсэн хүсэлтийг Засгийн газарт тавьж байгаа юм.

-Уг уриалгыг гаргахын өмнө су­далж үзсэн үү. Хэрэгжих хэр бо­ломж­той вэ? Та бүхэн анх санаачилав уу?

-Засгийн газар болон арил­жааны банкууд дэмжвэл хэрэгжих боломжтой. Бид анх санаачилсан юм биш. Гадаадын олон улс оронд бодитоор хэрэгжиж ирсэн юм.  Засгийн газарт үндэс­ний үйлдвэрлэгчид бараа, бүтээг­дэхүүнийнхээ багцыг гаргана. Харин түүнд зориулсан эрхийн бичгийг Засгийн газраас иргэдэд тараах боломжтой юм. Энэ эрхийн бичигт орох бараа бүтээгдэхүүний багцад архи, тамхи орохгүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, иргэд 21 мянган төгрөгөө гэр бүлдээ, өөртөө хэрэгтэй зүйлд зарцуулья гэсэн уриалгыг гаргаж байна. Олон нийт бусад эрх бүхий байгууллага энэ уриалгыг дэмжинэ гэдэгт итгэж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж