Тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаа 720 хүүхэд байна

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаа 720 хүүхэд байна

Аливаа улсын хуульд насанд хүрээгүй хүүхэд ажил эрхлэх нь хориотой байдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Монголын үйлдвэрчний эвлэлийн байцаагчидтай хамтран улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн судалгааг энэ сард хийж дуусгасан байна. Судалгаагаар манай улсад энэ оны  байдлаар улсын хэмжээнд насанд хүрээгүй 2583 хүүхэд хүнд болон хөнгөн хөдөлмөр эрхэлдэг гэсэн дүгнэлт гарсан байна. Судалгааг орон даяар хийсэн ба Архангай, Булган, Баян-өлгий, Ховд зэрэг аймагт хөдөлмөр эрхэлдэг хүүхэд байхгүй гэсэн хариуг өгчээ. Нийтдээ 14 аймаг найман дүүрэг хамрагдаж 2586 хүүхдээс 720 хүүхэд нь тэвчишгүй хөдөлмөр эрхэлдэг гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн энэ үеэр хүүхдийн хөдөлмөрийн үнэлэмж  бага байгаа ба сард 8000-100 000 төгрөг байдаг бөгөөд энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 байна гэсэн заалтыг  зөрчсөн үйлдэл болохыг анхааруулж газар дээр нь холбогдох хүмүүст нь  арга хэмжээ авсан юм байна.

“Тор авах уу, зар авах уу, бохь аваарай” гэж гүйлдэх багачуудтай бид өдөр бүр таардаг. Тэд ихэвчлэн бага насныхан байдаг ч аль хэдийнээ тэдэнд дасч, байх л ёстой асуудал шиг ханддаг болжээ. Нийслэл 1990-ээд онд гудамжны траншейныхнаар дүүрч ад үзэж байсан цаг саяхан. Бид ер нь бусдын өмнө өөрсдийгөө хамгийн ядуу  иргэд болгох бодолдоо гүн итгэсэн юм шиг санагдана. Өглөө эртлэн босч томчуудын нэгэн адил автобусанд уралдан ажилдаа яарах бяцхан ажилчид маань өглөөний хүйтнийг ч ажралгүй аль хэдийн том хүн шиг “өнөөдөр хэдэн төгрөг хийчих юмсан” гэж ярилцах бяцхан баатруудыг олж ярилцсан юм. Тэд хэдийнэ том хүн болжээ. 11-13 насны гурван охин “Нарантуул” зах дээр тор, бохь зардаг гэнэ. “Өдөрт 2000-аас дээш төгрөгийн орлоготой, гэртээ хоол, нүүрсээ авчихдаг. Заримдаа бүр мөнгөгүй болчихдог л юм гэхдээ зүгээр ээ” гэж  гэнэн царай гарган зогсоно. Тэдний нэг болох Хулан одоо 11 настай. Тэрээр ээж, эмээ, хоёр дүүгээ тэжээдэг бөгөөд ээж маань шинэ жилээр архи уухгүй бол гэрийхэнтэйгээ торт хуваагаад он гаргадаг гэж  аль хэдийн тэр айлын өрх толгойлсон хүн шиг хариулж байлаа. Амьдралаа залгуулж яваа ийм нэгэн тод жишээ үүгээр дуусахааргүй билээ. Нийслэлд өвгөнтийхөн, цыганууд гэх овогтой 2000 гаруй /албан бус тоогоор/ иргэд бий. Тэдний дийлэнх нь хүүхдүүддээ анхаарал тавих нь битгий хэл өдөр бүрийг архи ууж мансуурлын байдалтай өнгөрөөдөг. Хүүхдүүд нь аргагүйн эрхэнд ажил хийж, гуйлга гуйж бор ходоодоо борлуулаад үлдсэн мөнгөө эцэг эхийнхээ архины мөнгөнд өгдөг. 

Эдгээр ажил эрхэлдэг хүүхдийн 37 хувь нь 15-17, 52 хувь нь 10-14, 11 хувь нь 5-9 насны хүүхэд байгаа аж. Гол төлөв жижиглэн худалдаа хийхээс гадна мөн уул уурхайн компаниудад ажиллаж байгаа аж. Уул уурхайн салбарт хүүхэд ажиллах хориотой байдаг атал манайхан хамгийн хүнд ажлаа хүүхдүүдээр хийлгэдэг. Үүнд 500 метрийн гүнд  хүүхдүүдийг оруулах, усан дотор 2-3 цаг шороо угаалгаж зогсоох гэх мэт хүүхдэд хууль бус ажлуудыг хийлгэдэг байна. Хамгийн эрсдэлтэй гэж хэлж болох энэ ажлыг хүүхдээр хийлгэдэг хүмүүс нь ихэвлэн эцэг эх нь өөрсдөө байдаг гэнэ. Хүүхэд томчуудыг бодвол жижиг биетэй, хөдөлгөөнтэй байдаг учраас гэж хээв нэг хариулах эцэг эхчүүд байх юм. Гал руу түлхэснээс ялгаагүй энэ үйлдлээ тэд төр засгийн буруугаас болж ядуу, ажилгүй байна бор хоногоо өнгөрөөхийн тулд л ингэж байна гэж бусдаас буруугаа хайна.  Ядуус, ажилгүйчүүдийг маань ингэхэд хэн тэжээгээд явна. Төр нь үү, хүүхдүүд нь үү гэдгийг бас бодох хэрэгтэй болсон мэт.  Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн 58,6 хувь нь эцэг эх нь ажилгүй, 41,4 хувь өөрсдийн санаачлагаар ажил хийж байгаа гэж хариулсан байна. Эдгээрээс 1172 нь сургуульдаа суралцахын хажуугаар ажил хийж эцэг эхдээ тусалдаг. Сурахын хажуугаар ажил хийдэг хүүхдүүдийн хувьд ихэвчлэн эцэг эх нь гудамжинд жижиглэнгийн бараа зардаг эсвэл ТҮЦ-нд суудаг байна. Тэд өөрсдийн хийх ажилдаа хүүхдүүдийг оролцуулж байгаа нь хүүхдийн хууль бус хөдөлмөр бөгөөд морь унах, уул уурхайн ажлууд нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрт ордог юм байна. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж