Ой усны сав газар ашигт малтмал хайх, ашиглах, олборлохыг хориглох тухай хуулийг батлаад жил гаруйн хугацааг өнгөрөөлөө. Хэлчихээд боддог хүнтэй адил хууль тогтоогчид баталчихаад бодсон юм болов уу. Ямартаа ч хуулийн үйлчлэх хүрээг тогтоох ажлыг хууль баталснаас хойш жил гаруй хугацаанд хийв. Засгийн газрын энэ ажилтай зэрэгцэн Уул уурхайн ассосиацаас эхлээд тухайн салбарынхны зүгээс хийх лобби ч дараалан гарсаар. “Уул уурхайн салбараа аваръя” Үндэсний хөдөлгөөн, Банкнуудын холбоо гээд мэдэгдэл шаардлагаар ажлаа барахгүй байгаа гишүүдийг дарав. Тэдний мэдэгдэлд “Монголбанкнаас гаргасан судалгаагаар уул уурхайн компаниудын Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хүрээнд хамаарагдан цуцлагдаж буй лицензүүдийг барьцаалан олгосон зээлийн хэмжээ 160 тэрбум төгрөг болжээ. Уул уурхайн компаниуд олон жилийн турш банкны хамгийн үнэнч зээлдэгч, гол үйлчлүүлэгчид байсаар ирсэн. Иймээс бид эрдэс баялгийн төдийгүй банк санхүүгийн салбараа бүхэлд нь хямралд оруулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж та бүхнийг энэ хуулийг эргэн харахыг хүсч байна” хэмээж. Мэдээж энэ хуулийн санаа зөвийг хүн бүр мэдэж буй, гагцхүү хэрэгжүүлэх арга замаа нарийн сайн тодорхойлж чадаагүйгээс ийнхүү амны зугаа болов. Хуулийн үйлчлэлд хамаарах зарим нэгэн лицензийг харахад тухайн хайгуулын талбайн жижигхэн хувь нь ойн сан болон усны санд хамрагдаж байх жишээтэй. Мэдээж томоохон газрыг хамарсан нь бий. Гэтэл энэ ялгаатай байдлыг харж үзэлгүй нэгэн зохицуулалтад оруулах гэснээс болж мөн л буруудав. Хуулийн үйлчлэлд хамаарагдах уул уурхайн компаниуд нөхөн төлбөрөө нэхэмжлэхээр зэхэж байна. Үүний хариуд төр юуг зэхэж байгаа вэ. Урт нэртэй хуулийг унагаах уу, урагшлуулах уу?
З.ЭНХБОЛД: ЛИЦЕНЗИЙГ ДАНГААР НЬ БАРЬЦААЛСАН БОЛ БАНКУУДЫН ХОХЬ
Энэ хуулийг эргэн харах талаар Уул уурхайн компаниуд, Банкнуудын холбооны мэдэгдэл гаргасан. Тэр мэдэгдэлд нь 160 тэрбум төгрөгийн зээлийн асуудал байгаа гэж байна. Гэтэл уул уурхайн лиценз дангаараа зээлийн баталгаа болохгүй шүү дээ. Иймд хэрэв лицензийг дангаар нь барьцаалсан бол банкуудын хохь болно. Ямар тохиолдолд лиценз барьцаа болох вэ гэхээр хайгуул хийсний зардал, түүнийг олборлоод олох ашиг, бизнес төлөвлөгөө зэргийг нэгтгэн баталгаажуулж байж барьцаа болдог.
Засгийн газрын байж байгааг харахад тэр мөнгийг нь өгөх нь л дээ. Энэ мөнгийг өгөхөөс өмнө өөр нэг зүйлийг тооцох хэрэгтэй. Тэр бол байгаль орчинд учруулсан хохирол. Компани бүр л хохирол учруулсан. Өгөх авахаа ингээд хуруу дараад тооцох юм бол өөр зүйл гарч ирнэ.
УИХ хууль баталдаг. Тэр хуулийг нь харин хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг. Харин Засгийн газар тэр үүргээ биелүүлэлгүй бүтэн жилийг өнгөрөөлөө. Одоо харин УИХ-аас баахан мөнгө нэхэх нь л дээ. УИХ-д тэдэнд өгөх мөнгө байхгүй. Бид иймд байгаль орчны нөхөн сэргээлтээ тооцох ёстой. Улсын юм үнэгүй хэмээн сэтгэж хамаг юмаа тавиад туугаад байгаа юм уу. Хэрэв тэр сүйдүүлсэн ус, мөрөн, ойн сав газрын эзэн нь улс биш хувь хүн байсан бол яах вэ. Миний хувийн эзэмшлийн зүйл хэмээн тэгж зэрэмдэглүүлэхгүй биз дээ. Засгийн газар энэ асуудалд хүнийрхүү хандаж байгаа юм уу.
Г.Баярсайхан: ТӨР ЯАГААД НӨХӨН ТӨЛБӨР НЭХЭЖ БОЛОХГҮЙ ГЭЖ.
Бид социалист нийгмээс ардчилсан зах зээлийн нийгэмд шилжихэд Зөвлөлт холбоот улсын цэргийг гаргасан. Энэ үед тэд асар их хэмжээний төмрийн хог хаягдал, хээрийн сургуулилтаас их хэмжээний хохирол, балгас үлдээсэн байдаг. Тухайн үед Монгол Улсын Засгийн газар, залуухан ардчилагчид Оросын холбооны улсаас 10 милиард долларыг байгаль орчны нөхөн төлбөрт нэхэж чадаж байсан. Гэтэл өнөөдөр Монгол Улсын Засгийн газар гадны хэдхэн компаниудаас байгаль орчны нөхөн төлбөрөө нэхэмжилж чадахгүй сууж байна. Үүнийг би хувьдаа байж болохгүй асуудал гэж харж байна. Компаниуд улсаас үйл ажиллагааны зардлаа нэхэмжилж байгаа бол Монголын төр хариуд нь яагаад байгаль орчинд үзүүлсэн хохирлыг нь арилгах нөхөн төлбөр нэхэж болохгүй гэж. Засгийн газарт тухайн хохирлыг нэхэмжлэх эрх бий. Нэхэмжлэх ч ёстой. Ер нь байгаль орчны нөхөн сэргээлтэд өөр арга зарчмаар хандах хэрэгтэй. Тав, арван жилийн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг харж, мөнгийг нь төлөх баталгааг гаргуулж, стандартын дагуу үйл ажиллагаа явуулахыг шаардах учиртай. Цөөн хэдэн компаний эрх ашиг байгааг үгүйсгэхгүй ч энэ хуулийн цаана үндэсний эрх ашиг гэж бий.