Харин Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвшээд байгаа Улсын ерөнхий прокурорын газрын дарга асан М.Алтанхуягийг бүлэг дэмжиж байгаа эсэхэд дараах хариулт өгөв. Тэрбээр “Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигчийн асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор авч хэлэлцээд, дэмжсэн тохиолдолд УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд санал дүгнэлтээ хүргүүлнэ. Улмаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооо нь хоёр байнгын хорооны санал дүгнэлтээ УИХ-д оруулах учиртай. Урьд нь ийм зарчмаар яваад нэг гишүүнийх нь асуудлыг шийдсэн. Одоо нэг гишүүний асуудал үлдээд байгаа. Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвшигчийн хувьд Үндсэн хууль болоод Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд заасан болзол шаардлагыг хангасан учраас манай бүлэг дэмжиж байгаа. Гэхдээ энэ асуудлыг албан ёсоор бүлгийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй гэж манай бүлэг үзсэн” хэмээсэн юм.
Бэлчээрийн тухай хуулийг хэлэлцэх цаг болоогүй гэв
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдсан ч, зөвхөн Бэлчээрийн тухай хуулийн төслийг авч хэлэлцжээ. Эл асуудлын талаар бүлгийн дарга Д.Лүндээжанцан мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Нүүдлийн соёл иргэншлийн гол тулгуур мал аж ахуйн үндсэн нөхцөл болж ирсэн бэлчээрийг зохицуулахаар нэр бүхий гишүүд санаачлан Бэлчээрийн тухай хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барьсныг бүлгийн хуралдаанаар авч хэлэлцлээ. Монгол Улсын Үндсэн хуульд бэлчээрээс бусад газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлж болох тухай заалт бий. Газрын тухай хуульд зарим нэг заалт бий. Бэлчээрийн тухай хуулийг батлах шаардлага байгаа талаар олон жил ярьж, бас олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн тул төсөл санаачлагчдын хувьд олон талаас нь асуудлыг харж, зохицуулахыг оролдсон төсөл оруулж ирсэн байна. Бүлгийн гишүүд энэ асуудлыг туйлын хянуур, нухацтай хандах асуудал гэж үзсэн. Нэг сая 500 мянган км хавтгай газрын 1.1 сая хавтгай нь буюу 70 гаруй хувь нь бэлчээрт хамаарна. Эдгээрийг зохицуулна гэдэг амаргүй. Аймаг бүр өөр өөрийн онцлогтой газар нутагтай. Нийт 330 гаруй сумын хоёроос гурван баг нь байнгын нүүдэл хийхээс аргагүй байдалд байна, өнөөдөр. Зуншлага болоогүй гэх юм уу, зуд боллоо гээд малчид аймаг дамнан нүүдэллэж, улмаар нэгнийхээ өвөлжөө, хаваржаанд буугаад, мал нь хамаг бэлчээрийг идчихдэг. Мөн нэг газар хэт олон мал нэгэн зэрэг ирээд бусдыгаа туурайн зудад нэрвүүлчихдэг гээд бэрхшээлтэй зүйл олон. Энэ бүхнийг Бэлчээрийн тухай хуулиар зохицуулах гэж оролдож байна. Гэлээ гэхдээ Бэлчээрийн тухай хуулийг гаргана гэдэг амаргүй байна. Манай гишүүд тал талаас нь яриад Бэлчээрийн тухай хуулийн төслийн гол гол үзэл баримтлал, заалтуудыг улсын хэмжээнд малчдаараа хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, хойшлуулах санал гаргасан. Гол нь одоохондоо Бэлчээрийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нөхцөл хараахан бүрдээгүй байна” гэж үзсэн гэсэн юм.
Г.Дарь