Тавдугаар сард энэ оны хамгийн доод хэмжээнд хүрсэн цагаас хойш нефтийн үнэ 35 хувиар өссөн байгаа юм. Энэ оны өвөл Америк болон Европын орнуудад цочир хүйтэрч байгаа нь газрын тосны хэрэглээг нэмэгдүүлж, хуримтлалыг бууруулж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Засгийн газрын мэдээлснээр арилжааны нефтийн хуримтлал 5,3 сая баррелиар буурсан юм. Хэдийгээр энэ онд АНУ-ын боловсруулах байгууламжууд 6,4 хувиар илүү нефть үйлдвэрлэж байгаа ч хэрэглээ үүнээс давсан байгаа юм.
Лхагва гаригт Засгийн газраас эдийн засгийн өсөлт хурдасч, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ гуравдугаар улиралд өмнөх оныхоос 2,6 хувиар өссөн байгаа зэрэг мэдээлэл гаргасан юм. Дэлхийн газрын тосны хэрэглээ хоёр жилийн турш бууралттай байна бол Олон улсын эрчим хүчний агентлаг саяхан гуравдугаар улирлын тайланг гаргасан юм. Эндээс харахад дэлхийн нэг өдрийн нефтийн хэрэглээ 88.6 сая баррель байсан нь 3,8 хувиар илүү байгаа аж.
Газрын тосны үнийн өсөлт инфляцийн айдсыг үүсгэж байна. Гэхдээ зөвхөн БНХАУ бус, Энэтхэг, Өмнөд Солонгос зэрэг шатахуун импортлогч орнуудын хувьд ч байдал ижил байна. Түүнчлэн бямба гаригт Кувейтийн Газрын тосны сайд Шейх Ахмад ал-Абдулла ал-Сабах мэдэгдэл хийж, нефтийн үнэ 100 ам.доллар байхад дэлхийн эдийн засаг ажрахгүй гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл Шатахуун экспортлогч орнуудын нийгэмлэг болох ОПЕК 2011 онд зах зээл дэх нефтийн хангамжийг нэмэгдүүлэх байх гэсэн хөрөнгө оруулагчдын хүлээлт бараг талаар болох шинжтэй болж байгаа юм. Иракийн Газрын тосны сайд болон Ливийн Үндэсний нефтийн корпорацийн тэргүүн ч мөн адил 100 ам.долларын үнэтэй нефть дэлхийн эдийн засагт “боломжийн” гэдгийг хүлээн зөвшөөрсөн аж. Харин Катарын сайд Абдулла ал-Аттияа ОПЕК-ийг 2011 онд хангамжийг нэмэгдүүлэхгүй байх гэсэн мэдэгдэл хийсэн байна.
“ОПЕК 2011 оны зургадугаар сараас нааш нефтийн экспортыг нэмэгдүүлэхгүй байх. Үнэ тогтвортой байна шүү дээ” гэж тэрбээр хэлжээ. Арабын экспортлогч орнуудын байгууллагын Каир хотод болсон уулзалтад ОПЕК-ийн гишүүн Арабын орнуудын сайд нар оролцсон аж. Тэдний дунд нефтийн үнийг тодорхойлогч гэгддэг Саудын Араб төдийгүй Тунис, Египет, Сири, Бахрайн зэрэг ОПЕК-ийн бус орнууд одоогийн үнийг хангалттай гэж үзэж байгаа гэдгээ мэдэгдсэн юм.
Мөн Хятадын эдийн засгийн байдал үнэд хүчтэй нөлөөлдөг болж байна. Аравдугаар сард бодлогын хүүгийн төвшинг бууруулсан даруй дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ дөрвөн хувиар унасан юм. Харин үүнээс төд удалгүй дахин өсч эхлэн, одоогоор 15 хувиар өссөн байгаа аж.