Шинэ он гарах мөч ойртсоор албан байгууллага, хамт олон шинэ жилийн баяраа тэмдэглэж, урлагийнхан “халтуур”-аа хийгээд завгүй гүйсээр байна. Энэ жилийн хувьд хамгийн үнэтэй дуучнаар нийтийн ханхүү гэгддэг С.Жавхлан тодроод байгаа юм. Тэрбээр нэг арга хэмжээнд гурван сая төгрөгөөр л дуулах ханштай байгаа аж. Энэ талаараа дуучин С.Жавхлан хэлэхдээ “Би шинэ жилийг баяр цэнгээн гэж ойлгодоггүй. Шинэ жил гэж хоёр үгийг залгаад хэлбэл шинжил, өнгөрснийг шинжилж дүгнэ, ирж буй цагийг шинжилж судал, тооцоол гэсэн үг. Тийм болохоор би хүмүүсийн санаанд оромгүй босго үнийг санал болгодог. Нэг ёсондоо шинэ жилээр дуулахгүй гэсэн үг” хэмээн “Сэрүүлэг” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Хэдий гадуур халтуур хийхгүй ч тэрбээр өөрийнхөө “Хөх нуруут” төвд албан байгууллагын шинэ жилийг зохион байгуулаад завгүй байгаа аж. Түүний “Хөх нуруут” төв нь шинэ жилийн захиалгад дарагдаад байгаа төдийгүй, дуучин С.Жавхлан баярын мэндчилгээ болгож өөрөө дуулж өгч байгаа гэсэн. Тиймээс түүний дуулахыг сонсохыг хүсвэл “Хөх нуруут” төв дээр нь очих шаардлагатай гэнэ лээ.
М.Анир