Эрдэмтэн эмэгтэйчүүдийг МАН-аас гаргав

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Эрдэмтэн эмэгтэйчүүдийг МАН-аас гаргав

МАН-ын ХХYI их хурлаас намын дүрмийг шинэчилж, “намаас гаргах” гэсэн хатуу заалт оруулсан билээ. Энэ нь хуучнаар бол “намаас хөөх” гэдгийг зөөлрүүлсэн хэлбэрээр нэрлэж буй нь юм. Намын бодлогыг эсэргүүцсэн, сонгуульд МАН-аас нэр дэвшигчтэй зэрэгцэн бие дааж нэрээ дэвшүүлсэн зэрэг тохиолдолд уг заалтыг хэрэглэхээр болсон юм. МАХН-ын их хурал дээр зарим төлөөлөгч үүнийг “Хар хууль” боллоо хэмээн эсэргүүцэж байсан ч олонхийн саналаар батлагдсан. Намын дүрэмд хэд хэдэн өөрчлөлт оруулсан ч хамгийн түгээмэл хэрэглэж эхлээд буй нь “намаас гаргах” тухай энэ заалт болоод байна. Тухайлбал, энэ сарын 23-ны өдөр нийслэлийн МАН-ын Хяналтын хороо хуралдаж Улс төрийн намуудын тухай хуулийн холбогдох заалт, МАН-ын дүрмийн “намаас гаргах” гэсэн заалтыг зөрчсөн тул Н.Удвал, Ю.Атар, Б.Туяа нарын гурван эмэгтэй эрдэмтнийг МАН-ын бүртгэлээс хасч намаас гарсанд тооцох шийдвэрийг гаргажээ.

МАХН-ын түр штаб байгуулснаа албан ёсоор зарлан ажиллуулж буй Ц.Шинэбаяр, Н.Удвал, Ю.Атар, Б.Туяа нартай МАН-ын дарга нар удаа дараа уулзан анхааруулсаар байхад түүнийг зөрчсөн нь намаас гарсанд тооцох үндэслэл болсон гэх  дүгнэлтийг нийслэлийн МАН-ын Хяналтын хорооны хуралдаанаар хэлэлцсэн байна.

УИХ-ын эрхэм гишүүн Ц.Шинэбаярыг УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан. Харин одоогоор намаас гаргах шийдвэрт хараахан хүрээгүй байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж