Томуугийн вакциныг энэ сарыг дуустал хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Томуугийн вакциныг энэ сарыг дуустал хийнэ

Өнгөрсөн арваннэгдүгээр сараас нийслэлийн хэмжээнд ханиад, томуугийн өвчлөл эрс нэмэгдсэн. Тиймээс энэ сарын 1-нээс 6-65 насныханд томуугийн эсрэг вакциныг үнэ төлбөргүй хийж эхэлжээ. Томуугийн эсрэг уг вакциныг харьяа дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлгүүдэд энэ сарыг дуустал хийх аж. Дашрамд дуулгахад, томуугийн өвчлөлийн 65 хувийг 0-9 насныхан эзэлж байгаа ба үүнээс 60 гаруй хувь нь дунд сургуулийн бага анги, цэцэрлэгийн сурагчид байна. Өвчилсөн хүмүүсийн 90 гаруй хувь нь гэрээр асарч сувилан эмчлэгдэж эдгэрэх боломжтой тул олон хүнтэй эмнэлгийн өрөөнд шахцалдан хэвтсэнээс эмчээс сайтар зөвлөгөө аваад  гэртээ эмчилсэн нь дээр гэнэ. Мөн бие тавгүйрхэх, халуурах, хоолой өвдөх, ханиалгах, хамар битүүрэх, толгой өвдөх, булчингаар шархирч өвдөх, бөөлжих, суулгах, тамирдах, сульдах зэрэг шинж илэрвэл бусдад халдвар тараахаас сэргийлэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Түүнчлэн эцэг эхчүүд болон хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн үед авах арга хэмжээний зөвлөмжийг ХӨСҮТ-өөс гаргажээ.

Гэрийн нөхцөлд хийх асаргаа, сувилгааны зөвлөмж:

-Гараа тогтмол сайтар савандаж угаах
-Халуун аарц, хярам, буцалсан ус, сүү, аньс,чацаргана, зэргийг ахиухан уух,
-Илчлэг сайтай,  амин дэмээр баялаг хоол хүнс шөлтэй халуун хоол идэх сармис, сонгино, шинэ ногоо, жимс хэрэглэх.

-Ханиаж, найтаахдаа ам хамараа дарж, таглаж байх
-Дулаан хувцаслах, даарахгүй байх, малгай алчууртай байх, ам хамраа ороож боох.

-1-2 хувийн содын уусмалыг хамрын хөндийд дусаах, хоолой, амны хөндийг өдөрт 5-6 удаа зайлах, халуун уураар утах.

-Гич болон шилмүүстэй халуун ваннд суух (харшилтай бол хэрэггүй)
-Гимнастик, биеийн тамирын хөнгөн дасгал  хийх, хөлрөх, дараа нь халуун бүлээн шүршүүрт орж, дулаан хувцаслах

-Халуун бууруулах, булчин болон толгойн өвдөлт намдаах эм, биеийн дархлааг дэмжих бэлдмэлийг эмчийн заавраар уух

-Цэгэн массаж  өдөрт 3-6 удаа хийх
-Гэр, байранд чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, хоёр цаг тутамд агааржуулах, ариутгал халдваргүйтгэл хийх, нягтралыг багасгах,
-Шаардлагатай бол сум, өрхийн эмчид хандах буюу ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсаар лавлаж болно.

Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх зөвлөмж:

-Гэртээ чийгтэй, нойтон цэвэрлэгээг  өдөрт хоёроос доошгүй удаа хийх.
-Албан байгууллагад өдөрт 2-3 удаа, сургуульд хичээлийн ээлж бүрийн өмнө, нийтийн тээврийн хэрэгсэлд шугамд гарах болон эцсийн буудлаас хөдлөхийн өмнө халдваргүйтгэл хийх.

-Агаарыг халдваргүйтгэх зорилгоор ариутгалын бодисоор норгосон даавуу алчуурыг дулаан үүсгэгчийн орчимд дэлгэж  тавих, задгай амтай саванд хлорамины уусмалыг хийж тавих, мананцар үүсгэн цацаж хэрэглэж болно.

-Ариун цэврийн өрөөний хана, шал, суултуур, тосгуур, хогийн савыг өдөрт 2-3 удаа, угаагуур, хаалга, шат, автобусны бариул, лифтын товчлуур зэргийг цаг тутамд халдваргүйтгэлийн уусмалаар арчих шаардлагатай юм байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж