Увсын станцад зориулж хөрөнгө гаргана

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Увсын станцад зориулж хөрөнгө гаргана

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас шийдвэрлэсэн хоёр дахь асуудал нь Увс аймгийн Дулааны цахилгаан станцад зориулж, 370 сая төгрөг гаргахаар болсон байна. Дээрх хөрөнгө нь байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хөлдөлтөөс болж, хагарсан паар, шугамуудыг засварлахад зарцуулах аж.

Түүнчлэн “Увс дулааны цахилгаан станц”-ыг орон нутгийн өмчид буцаан шилжүүлэх тухай асуудлыг судлах шаардлагатай гэсэн шийдвэрийг хуралдаанаас гаргажээ. Учир нь Увс аймгийн ИТХ-аас “Увс дулааны цахилгаан станц-ыг хувьчлах шийдвэрийг гаргаж, Төрийн өмчийн хороо хүсэлтийг ёсоор болгож байсан ч, өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр станцад гэмтэл гарснаар байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дулааны шугам хөлдөж, хохирол ч багагүй амсчээ.

Өнгөрсөн намар Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас өвөлжилтийн бэлтгэл явцтай танилцах үед “Увс дулааны цахилгаан станц”-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан. Гэтэл өвлийн ид хүйтнээр станц бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүйд хүрч, Улаанбаатар хотоос мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж, зарим шаардлагатай тоног төхөөрөмжийг ОХУ- руу захиалснаар станцын үйл ажиллагааг аваарын байдлаас гаргасан юм. Улсын Онцгой комисс өнгөрсөн даваа гаригт дээрх асуудлыг авч хэлэлцэх үед Эрдэс баялаг, эрчим хүчний яамны газрын дарга “Увс дулааны цахилгаан станц-ыг төр өөрийн мэдэлдээ буцаан авч, засвар үйлчилгээг дорвитой хийхгүй бол ирэх өвөл ч мөн хүнд байдалд орно гэж үзсэний дагуу Засгийн газрын хуралдаанаар  асуудлыг авч хэлэлцсэн нь  энэ юм.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж