
-Энэ кинонд тоглох саналыг анх хэн танд тавьсан бэ?
-Над руу анх Навчаа эгч залгаад хүрээд ирээч, уулзъя гэсэн. Би тэр үед Жамъяа ахыг таньдаггүй байсан л даа. Очоод Жамъяа ахтай уулзахад, ийм кино байна, өөрт чинь санал тавьж байна гээд кино зохиолоо ярьж өгсөн. Тэгээд л надад шууд таалагдсан. Зохиол нь амьдрал дээр зарим гэр бүлүүдэд тохиолддог нууц амрагийн асуудлыг тухайн нийгэмтэй нь холбож өгүүлсэн байсан л даа. Тэгээд энэ асуудлыг яаж шийдэж, амьдралд алийг нь сонговол алдах вэ, эсвэл онох вэ гэдгийг харуулахыг зорьсон тийм зохиол. Жамъяа ахын надад санал болгосон эхнэрийн дүрүүдээс илүүтэй эсрэг дүр таалагдсан. Яагаад гэвэл би урьд нь хэн нэгний хоёр дахь хүний дүрд тоглож ч юм уу ер нь эсрэг дүр бүтээж байгаагүй. “Хориотой жүжиг” дээр л бага зэрэг эсрэг дүрийг гаргасан, ер нь бол голдуу эерэг дүрүүдэд тоглодог байсан.
-Та “Секс эрх чөлөө” нэрийг яаж хүлээж авсан бэ?
-Анх сонсоход их сонин содон сонсогдож байсан. Үүнийг үзэгчид яаж хүлээж авах бол гээд л. Гэхдээ тэр утгыг хүн, хүн янз бүрээр хүлээж авах байх. Жишээ нь, манай хамтлагийнхан “Секс эрх чөлөө” кино чинь ямар утга учиртай кино юм бэ? Энэ кинон дээр юу болдог юм, чи яг яадаг юм бэ? гээд асууцгаахад нь би “өөрсдөө очоод үзэхгүй юу” л гээд байгаа. Нэр нь их сонирхол татахуйц байсан.
-Таны бодлоор сексийн эрх чөлөө гэж яг юу вэ?
-Сексгүй бол амьдрал утгагүй болно ш дээ. Кинонд илэрхийлсэн санаатай миний бодол бараг л төстэй. Ер нь бол тэгж ойлгож болно. Зарим хүнд хэн нэгэн хичнээн их таалагдаж, түүнийг хүсч байгаа ч гэсэн шуудхан очоод хэлчихэж чаддаггүй шүү дээ. Гэхдээ одоо бид чинь харьцангуй өөр, ардчилсан нийгэмд амьдарч байгаа болохоор тэр тал дээр илүү чөлөөтэй болчихож. Зарим залуучууд хоёулаа ингэе, тэгье гээд л шууд, чөлөөтэй ярьчихдаг гэсэн. Би ч тэрийг мэдэхгүй байна л даа. Хүмүүсээс сонсох нь ээ л тэгж ярьцгаадаг /инээв/
-Киноны нэрнээс л шууд эротик кино юм болов уу гэж санагдахаар байгаа. Танд энэ кинонд нүцгэлдэг хэсэг байгаа юу?
-Очоод л үз. Тэгдэг, ингэдэг гэж хэлснээс таавар чигээрээ үлдвэл илүү сонирхолтой байх.
-Кинонд нүцгэлж тоглооч гэсэн санал ирвэл та яаж хүлээж авах вэ?
-Тоглохгүй байх аа даа.
-Яагаад тоглохгүй гэж? Та урлагийн тал дээр хэр зоригтой вэ?
-Би өөрийгөө зоригтой хүн гэж бодож байна. Гэхдээ эротик киноны тал дээр бол үгүй л байх даа. “Секс эрх чөлөө” кино бол миний хамгийн анхны зоригтойгоор өөрийгөө өөрчлөн, өөрийгөө их дайчилж тоглосон кино. Харин дахиж иймэрхүү киноны санал ирвэл ойрын хэдэн жилдээ тоглохгүй гэж бодож байгаа.
-Зохиол нь таалагдсан ч тоглохгүй юу?
-Зохиолыг нь мэдээж харна л даа. Магадгүй, би өнөөдөр тоглохгүй байх гэж хэлж байгаа ч үнэхээр зохиол нь таалагдвал тоглох ч юм билүү. Гэхдээ ямар ч байсан иймэрхүү төрлийн кинонд тоглоход их хэцүү, зориг их шаарддаг юм байна гэдгийг л мэдэрсэн.
-Кино хэр хугацаанд бүтсэн бэ?
-Кино зураг авалт арванхоёрдугаар сарын дундуур эхлээд хоёрдугаар сарын дунд гэхэд дуусчихсан. Энэ жил огцом хүйтрээд цаг агаарын байдал зураг авалтанд хүндрэл учруулж байсан л даа. Гадаа авах зураг ихтэй байсан болохоор эхлээд гадаах зураг авалтаа түүж хийсэн. Дараа нь доторхи зураг авалтандаа орсон.
-Өвлийн хүйтэнд гадаа зураг авалт хийхэд ямар бэрхшээлтэй зүйлс гарч байв?
-Мэдээж их даарсан. Даарахаар хэл ам ч эвлэхгүй, чичрэх гээд уруул хүртэл царцаад үг зууралдаад гарч өгөхгүй. Уйлахаар нулимс удаан дусалдаг юм байна лээ. Камер үе, үе хөлдөөд зураг авалт зогсох хооронд дулаацаж, гэсч ч амжилгүй эргээд тоглодог байлаа. Хүний хамаг юм царцана гэж байдаг юм байна лээ, хөл гар хүртэл мэдээ алдаад хэцүү байсан даа.
-Та дүрээ гаргахын тулд зохиол дээрээ яаж ажилладаг вэ? Үгээ хэрхэн өөрийн болгож суулгадаг вэ?
-Хувь хүн болгон өөр, өөр арга барилтай байдаг. Миний хувьд учиргүй нэг өдөр сууж байгаад тачигнатал цээжилдэггүй, тэгвэл хиймэл болчихдог. Заавал хамтран тоглож байгаа жүжигчинтэйгээ харилцан ярилцаж суулгадаг. Эхлээд үгэн дээрээ ажиллана, дараа нь үгээ яаж жинхэнэ болгох вэ гэж жүжигчид хоорондоо ярилцана. Үүн дээр найруулагч өөрийн санаагаа хэлж зөвлөнө. Жүжигчид яаж хэлвэл эвтэйхэн байна тэрийг харилцан ярилцаж найруулагчийн санааг эвдэхгүйгээр өөрийн болгодог. Дан ганцаараа үгээ цээжлээд болчихдоггүй хамтарч бүтээдэг. Яг бас бүх үйлдэл үгийг бүрийг цаанаас нь хатуу зааж өгдөггүй.
-Зохиолынхоо хэсгээс мартах ч юм уу, алдаа гаргах тохиолдол байдаг уу?
-Байна ш дээ, бүр таг мартах үе ч байна. Анхнаасаа буруу хэлээд хийчихсэн үг бас буруу явчих гээд байх үе бий. Тэр үгийг хичнээн засаад ажилласан ч гэсэн яг л нөгөө хэсэг дээрээ ирээд алдаад байх тохиолдол байдаг. Зохиолчийн бичсэн үгийг хамаагүй эвдээд байж болдоггүй. Заримдаа нэг үг нь л урд хойноо ороход утга нь алдагдаад явах тохиолдол бий. Тэгэхлээр үгэн дээрээ сайн ажиллах хэрэгтэй байдаг. Нэг өгүүлбэр гээхэд л утга алдагдаж болно ш дээ. Ялангуяа шөнийн цагаар ажиллахад алдах үе их байдаг. Шөнө чинь хүний амрах цаг болохоор идэвхгүй болох, мартах, дундуур нь самгардах, эсвэл би сэргэг байхад хамтрагч маань эсрэгээрээ сулрах ч юм уу, хоёулаа дутуу буруу ойлголцох гээд хэцүү зүйлс их гардаг л даа.
-Таныг багийнхан чинь Маша гэж дуудах юм. Ямар учиртай нэр вэ?
-Намайг бага байхаас ээж, эгч, хамаатнууд маань бүгд ингэж дууддаг байсан л даа. Тэгээд одоо урлагийхан маань ч бас Маша, Маша гэдэг. -Киноны зураг авалтын үеэр тохиолдож байсан хөгжилтэй явдлуудаасаа яриач?
-Хөгжилтэй явдлууд зөндөө л гарсан. Гэхдээ одоо сайн санахгүй байна. Хөгжилтэйгээсээ илүү зовоод хурдан дуусаасай гээд ядарч байсан үе л их байсан даа. Өглөөнөөс өдөр болтол зураг авалтандаа гүйгээд таван цаг гэж сулраад тэгээд хамтлагийнхаа тоглолтонд ороод, тэгээд тэрнийгээ тараад “С1” телевиз дээр “Өдөн дэр” нэвтрүүлэг хөтлөөд л… Тал тал тийшээ завгүй их ажилласан болохоор ядарсан л даа. Дээрээс нь шинэ жил дөхөж байсан. Хүмүүс энд тэнд дуудаад л хөтлөгч хийлгэе гээд би аль болох бүгдийг зохицуулах гээд гүйсэн. Гадаа зураг авалтуудад даарч ядарч байсан болохоор тухайн үед хурдан дуусаасай гэж л бодож байлаа /инээв/
-Танд уран бүтээлийн амжилт хүсье
Г.Даша