Хүчтэй Ерөнхийлөгч бүхий парламентын засаглалтай болох ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2010.02.23-нд нийтлэгдсэн

Хүчтэй Ерөнхийлөгч бүхий парламентын засаглалтай болох ёстой гэв

Үндэсний шинэ намын дарга Ц.Цолмон, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус нам өчигдөр Х бүгд хурлаа хийсэн бөгөөд Монголын төрийг хүчтэй болгох ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Төр хүчгүй байгаагаас цөөнхийн засаглал тогтож, үндэсний эрх ашиг орхигдсон. Монголчуудын амьдрал 20 жилээсээ дээшлээгүй нь, цөөн хэсэг байгалийн баялгийг хуваан авч байсантай холбоотой гэж тэд үзэж байна. Төр засгийг хүчтэй болгохын тулд 20 жилийн өмнө баталсан Үндсэн хуулийг халж, тавдугаар Үндсэн хуулийг батлах ёстой гэв. Тавдугаар Үндсэн хуулийн төслийг тус намынхан жилийн турш боловсруулсан бөгөөд түүнд Улсын бага хурлыг байгуулахаар заажээ.

Улсын бага хурал байгуулагдсанаар одоогийн УИХ-ыг хянах бололцоо бүрдэнэ. Мөн Ерөнхийлөгч, Засгийн газар хоёрын эрх үүргийг нэгтгэж, Ерөнхийлөгч нь Засгийн газраа удирддаг байх. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын тэргүүнийг сонгодог тэр тогтолцоо руу шилжих явдал чухал. Ингэснээр Засгийн газар нь дотоод асуудлаа хариуцан ажиллах бол Ерөнхийлөгч гадаадад улс орноо төлөөлөх ажлын хуваарьтайгаар Монгол төрийг жолоодох нь хүчтэй төр бий болгох үндэс суурь тавигдана гэж үзжээ. Мөн энэхүү тавдугаар Үндсэн хуулийн төсөлд үндэсний эрх ашгийг дээдлэх ёстой гэсэн заалт оруулсан бөгөөд бүх ард түмнээрээ энэхүү төслийг хэлэлцүүлэн улмаар улстөрийн намуудаар шүүлгүүлснээр батлах бололцоо бүрэн байгаа гэж намын дарга Ц.Цолмон хэллээ. Гэхдээ түүнийг батлуулахгүйн төлөө тэмцэх гадаад, дотоодын олигархиуд байхыг үгүйсгэхгүй гэв.

Харин тус намын нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл “Монголын 2.7 сая иргэний хоёрхон хувь нь баялгийг хувааж авч, 20 хувь нь өөрсдийгөө болгож байгаа. Үлдэж буй хэсэг нь ядуу амьдарч байна. Тиймээс 2.7 сая иргэн үзэл санаагаараа нэгдэх ёстой. Үзэл санаагаараа нэгдэхгүй бол гадаадын олигархиуд дор нь залгина. Аль ч тохиолдолд олигархиу байр сууриа өгнө гэж найдалтгүй. Бас шударга сонгууль болно гэж хүлээлтгүй. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал одоо цурманд орсон байгаа. Одоогийн УИХ-ыг тарааж, Үндэсний хуралдайг хуралдуулж, шинээр Засгийн газрыг төвхнүүлэх ёстой гэж бодож байна” гэсэн юм.

Юутай ч ирэх өдрүүдэд Үндэсний шинэ намынхан өөрсдийн боловсруулсан Тавдугаар Үндсэн хуулийг батлуулахын төлөө тууштай ажиллах аж. Нэн тэргүүнд ард түмнийхээ дэмжлэгийг хүсч байгаа бөгөөд өчигдрийн хуралдаанаас Үндэсний тунхаг бичгийг гаргажээ. Тунхаг бичигт “… Эрх баригчид хахууль авлигаар тансаглаж,тив алгасан найрлаж байхад энгийн ард, ажилчин анги, малчин, тариаланч, сэхээтэн ялгаагүй өрийн сүлжээнд боомилогдож, идэх хоол, өмсөх хувцас, орох орон, өрдөх галаар гачигдан 76 түшээгийн 70 сая төгрөгийн тохуурхалыг тэвчин бухимдацгааж байна. Эгэл түмэн маань энэ цаг үед хүн шиг амьдарч, ирээдүй хойчийн өмнө эрхэмсэг байхыг хүсч байна. Шинэ үзэл, шинэ амьдрал, шинэ хууль, шинэ төр, шинэ ирээдүйг бий болгохыг хүсч байна. Газар шороо унаган байгальдаа эзэн сууя. Эдийн засаг зах зээлийг дэлхийн жишигт хүргэж улстөр нийгмээ Монголоороо төвхнүүлцгээе. Үндэсний хувьсгалд босоцгоохыг Үндэсний шинэ нам уриалж байна” гэжээ.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж