Гадаад валютын нөөц хоёр тэрбум ам.долларт хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Гадаад валютын нөөц хоёр тэрбум ам.долларт хүрлээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц түүхэндээ анх удаа хоёр тэрбум гаруй ам.долларт хүрлээ гээд алга ташицгааж байна. Энэ амжилт  2010 оны эдийн засгийн онцлох үйл явдал яах аргагүй  мөн. Харин одоо Монголбанкны өмнө түүхэн амжилт болох гадаад валютын нөөцийн хоёр тэрбум гаруй ам.долларыг хэрхэн эрсдэлгүйгээр байршуулах тухай бодлого бодох асуудал тулгарч байна. Монголбанкны мөнгөний бодлогын хүрээнд  гадаад валютын улсын нөөцийн найдвартай байдлыг хангах, хөрвөх чадварыг алдагдуулахгүй байх, үр өгөөжийг нэмэгдүүлэх зарчим баримталдаг. Гадаад валютын албан нөөцийг удирдах, эрсдэлийг хянах тогтолцоог шинэчилсэн арга хэлбэрийг А.Батсүх Монголбанкны ерөнхийлөгч байхдаа бий болгосон билээ.

Монголд банкир, банкны эдийн засагч олон ч АНУ-д мөнгөний бодлогын онолоор мастер хамгаалсан цорын ганц эрдэмтний хувьд тэрбээр 2007 онд Эрсдэлийн удирдлагын албыг шинээр байгуулснаараа үүсч болзошгүй эрсдэлийг урьдчилан харах боломжийг зөв тодорхойлсон юм. Тэр ч байтугай мөнгөний бодлого гэж юу болох, энэ хүрээнд ямар судалгааг яаж хийх ёстой талаар “А” үсгийг нь заасан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Тухайн үед гадаад валютын цэвэр албан нөөцийг 620 сая ам.доллар буюу импортын 18 долоо хоногийн хэрэгцээнээс багагүй түвшинд байлгах зорилттой байв. Энэ үед гадаад валютын нөөцийг найдвартай, бага эрсдэлтэй байх зорилгоор санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг худалдах, худалдан авахыг түр хориглож зөвхөн алтны спот арилжааны үйл ажиллагаа явуулж байлаа. Ингэснээр алтны спот арилжаанаас 2008 онд 3.1 тэрбум төгрөгийн ашиг олсон юм. Өмнөх онд нь спот арилжаанаас 143.7 сая төгрөгийн ашиг олсонтой харьцуулбал 21.5 дахин өндөр үзүүлэлт байгаа биз. Мөнгөний бодлого бодно гэж юуг хэлээд байгаагийн нэгээхэн хэсэг нь энэ байв. Энэ удаад ч валютын нөөц ийнхүү огцом нэмэгдсэн амжилтын гол хөшүүрэг, хүчин зүйл нь Монголбанкнаас арилжааны банкуудтай валютын спот арилжаа хийхээс гадна спот хэлцэл хийж эхэлсэнтэй холбоотой. Эдийн засгийн дунд хугацаанд хэрэгжих уул уурхайн томоохон төслүүд, Монголбанкны алтны зах зээл дээрх оролцоо ч үүнд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Мөнгөний бодлогын үр дүн тэр даруй гардаггүйн нэг жишээ энэ. Тухайн үед шүүмжлэлийг сөрөн хийсэн мэргэжлийн хүний чигч бодлого, онолын мэдлэг өнөөдөр улс оронд хэрхэн өгөөжөө өгч буйг бид харж байна. Асар их хөдөлмөрийн үр дүнд  чимээгүйхэн ирсэн ч тэр амжилтыг улстөрчид, эдийн засагчид харин дуртайяа угтан авч дуу шуутай тэмдэглэх нь лавтай.

 Гадаад валютын нөөцийг удирдахад бүтэц, байршил, үр өгөөжийн зохистой харьцааг хангах нь чухал байдаг. Манай улсын хувьд гадаад валютын нөөцөө хөрөнгө оруулалтын эрсдэлээс сэргийлэх үүднээс голдуу АНУ, Герман Япон, Их Британи зэрэг орны төв банкуудын харилцах, хадгаламж, олон улсын санхүүгийн байгууллагын үнэт цаас, АА болон түүнээс дээш зэрэглэлийн банк санхүүгийн байгууллагуудад хөрөнгө оруулалт хийх замаар байршуулдаг. Тэр тусмаа 2008 оны есдүгээр сард өрнөсөн АНУ-ын  санхүүгийн зах зээлийн хямралын үйл явдлууд,  АА зэрэглэлийн Lehman Brothers дампуурснаас хойш валютын нөөцөө илүү найдвартай түншүүддээ байршуулахыг шаардаж эхэлсэн юм. Монголын хувьд ч бусдын нэгэн адил гадаадын банк, санхүүгийн байгууллагад байршуулахаа түр азнаж, алтыг биет хэлбэрт шилжүүлэн зөвхөн Английн төв банкинд байршуулах болжээ.

Гадаад валютын нөөцийг бүрдүүлдэг цорын ганц хэрэгсэл нь алт байсан тэр үе ард хоцорч эдүгээ ам.доллар, хөрвөх чадвар сайтай евро, иен зэрэг валют хүч түрэн орж ирсэн нь ам.долларын гүйцэтгэх үүргийг тодорхой хэмжээгээр сулруулж байна. Дээрх орнуудын улс төр, эдийн засгийн байдал нь тогтворжсон учир эрсдэл багатай гэж үздэг. Гэвч Монголбанк гол валют болох ам.доллар, евро,  иен зэрэг нь үнэ цэнээ алдсан тохиолдолд өртгөө хадгалах чадвартай хөрөнгө оруулалтын хэлбэр гэж үзээд гадаад валютын нөөцийн голлох хэсгийг мөнгөжсөн алт хэлбэрээр байршуулдаг. Харин улаанбуудай, нефть зэрэг бүтээгдэхүүнийг гадаад валютын нөөцөд бүрдүүлсэн туршлага дэлхийн жишигт ховор бөгөөд олон  улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөрвөх валютад тооцдоггүй. Мөн өндөр эрсдэлтэйгээс гадна гадаад валютын нөөцийн удирдлагын үндсэн зарчимд нийцдэггүй ажээ.

Монголбанкнаас дотоодын алтны зах зээл дээрх оролцоогоо үе шаттайгаар бууруулан арилжааны банкуудын оролцоог нэмэгдүүлэх бодлогыг 2002 оноос баримталсан. Гэтэл УИХ-аар алтыг зөвхөн Монголбанкинд тушааж байх тухай хэлэлцэж эхлээд байгаа нь өмнөх бодлоготойгоо зөрчилдөж мэдэхээр байгаа юм. Нөгөөтэйгүүр алтны шороон ордуудын лицензийг түдгэлзүүлсэн нь ч гадаад валютын нөөцийн бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Ийм маягаар эдийн засгийн бодлогын томоохон арга хэмжээг улстөрчдийн шийдвэр устган үгүйсгэсээр ирсэн нь нэг бус удаагийнх болж байна. Харин хариуцлагыг хэзээ ч улстөрчид үүрдэггүй билээ.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж