2010 оны онцлох үйл явдал

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

2010 оны онцлох үйл явдал

2010 оны нэгдүгээр сарын 1-2010 оны
арванхоёрдугаар сарын 31. Урсан өнгөрөх он тооллын хэлхээнд хуучин оныг
үдэж, шинэ оныг угтан авах энэхүү бүтэн жилийн хугацаа Монгол Улсын
түүхэнд онцгой гэмээр үйл явдлаар арвин, их хөдөлгөөний жил байлаа. Энэ
хэрээр өдөр тутмын сонины сэтгүүлчид орчин цагийн түүхийн эх бичигч байх
ёстой их үүргийнхээ дагуу улс орны өнцөг булан бүрт болсон онцгой содон
үйл явдал хийгээд эрх баригчдын түүхэн шийдвэрийн талаарх тэмдэглэлийг
хүргэж ирсэн билээ.

Тэгвэл “Улс төрийн тойм” сонин ч Монголын хэвлэл, мэдээллийн зах зээлд
өөрсдийн гал голомтыг бадраасан өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэр л
үүргийг гүйцэтгэж, Монгол Улсын улстөр, эдийн засгийн талбарт болсон үйл
явцын талаарх онцгой нэгэн бичигч болохын төлөө багаараа ажилласан юм.
Иймд бид тун удахгүй 2011 онд цаг хугацааны дараалал ёсоор халаагаа өгч,
Монгол Улсын төдийгүй дэлхийн түүхнээ дурсамж, дурдатгалын архив руу
шилжих 2010 оны онцгой таван үйл явдлыг нэрлэж байна. Мэдээж энэхүү
таван үйл явдал Монголын улс төрийн тавцанд болсон тэмдэглэлээр
хязгаарлагдах бөгөөд ирээдүй цагт үр дүн нь үргэлжлэхийн зэрэгцээ манай
улсын этгээд гэмээр сондгой хэв маягийн илэрхийлэл болсон үйл явдлууд
юм.

УЛС ТӨРИЙН ШИНЭ ТҮҮХ ЭХЛЭВ

Ардчилсан хувьсгалын түүх 20 насыг давж буй энэ үед Ардын намын түүх
сэрснээр МАХН хувьсгалаас татгалзаж, МАН боллоо. Монголын улс төрд
хувьсгалжсан намын түүх унтарч, хувьсгалгүй бүтээн байгуулалтын төлөөх,
хөгжлийн төлөөх шинэ улс төрийн хүчний түүх сэрлээ. Энэ амлалтыг МАН-ын
дарга, Ерөнхий сайд С.Батболд хийгээд тус намын XXVI их хурлын
төлөөлөгчдийнхөө хамт өгсөн.  Тэд энэ алхмаараа хувьсгалыг зөвхөн
хувьсгалын аймшигт арга замаар бус шинэ арга барилаар хийж чадсан шигээ
ажиллах тийм урт удаан түүхийн өмнө зогссон юм. МАН-ын дарга С.Батболд ч
Их хурлын төлөөлөгчдөд хандаж “Манай нам шинэчлэгдэж чадвал улс орон
хөгжинө” гээд “Манай нам улс орныхоо ойрын 20 жилийг их бүтээн
байгуулалтын үе гэж төсөөлж байна. Энэ бүтээн байгуулалтын эцсийн
зорилго, үр дүн нь монгол хүний хөгжил, сайн сайхны төлөө байх ёстой.
Учир нь нам бүхий л бодлогоо хүнээс ургуулан гаргаж, шүтэлцүүлж, гол
цөмд нь Монгол хүнийг тавьж байна. Энэ бол манай намын бодлогын үндэс
юм” гэдэг амлалтыг өгсөн. Ингэж МАН-ын одоогийн удирдлага шинэчлэл
хийхтэй зэрэгцээд МАХН-ын Түр штаб байгуулагдаж, Ц.Шинэбаяр тэргүүтэй
улстөрчид улс төрийн тэмцэлд “боссон” нь ирэх оны уур амьсгалыг ч
ерөнхийд нь төсөөлөгдөхөд хүргэж буй. Улмаар та бид энэхүү онцлог үйл
явдлаас үүдээд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ирэх онд хаашаа эргэх бол
гэдгийг харах биз ээ.

МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН БУРУУ ЖИШИГ

Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчааг албанаас нь чөлөөлж, шалгах
ёстой эсэх тухай маргаан өнгөрсөн зургадугаар сараас эхэлж Монголын улс
төрийн хамгийн онцгой үйл явдлын нэг болов. Уг нь ажилтнаа Тагнуулын
ерөнхий газрын зөвшөөрөлгүй техник хэрэгслээр шалгасан нь тогтоогдсон.
Мөн төсвийн мөнгөөр өөртөө байр авч, Авлигатай тэмцэх газарт загас,
агнуурын хэрэгсэл авсан гэж байгаа. Ийм аяллын хэрэгсэл юунд хэрэгтэй
болохыг асуухад УИХ-ын гишүүдэд “Манайх төсөв бага учраас хээр гадаа
хонох нь холгүй байдаг. Иймд энэ дутагдлыг арилгахад зориулж авсан” гэх
тайлбар хийсэн. Үүнд нь УИХ дахь МАН-ын гишүүд итгэдэг бас ойлгодог.
Харин З.Энхболд тэргүүтэй Ардчилсан намаас сонгогдсон гишүүд ойлгохгүй
байгаа. Улмаар тэд бүхэл бүтэн хагас жилийн турш Ч.Сангарагчаагаар
хачирласан улс төрийн хэрүүл өрнөсний эцэст түүнийг албанаас нь
татгалзахгүй шалгаж буй. Энэ бол УИХ-ын гишүүдийн өмнө тэдний саналаар
ажилд орсон агентлагийн дарга өөрсдөд нь ч захирагдахгүй тийм их эрх
мэдэл эдэлдгийн бодит жишээ. Товчхондоо бол жилийн туршид онцгойлохын
аргагүй Монголын улс төрийн буруу жишгийг тогтоосон үйл явдал юм.

МОНГОЛЫН ТӨР ИРГЭНЭЭ ТООЛЛОО

Жил бүр малаа тоолж, хорогдсон малын тоогоор нөхөн олговор өгөх нь
холгүй бөөцийлдөг Монголын төр энэ удаад хүнээ тоолсон нь онцгойгийн
онцгой гэмээр үйл явдал болов. “Хүний хөгжлийн сан”-гаас энэ жилийн
хугацаанд иргэн бүрт 120 мянган төгрөг өгч байгаатай холбогдуулан Улсын
бүртгэлийн ерөнхий газраас иргэний шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулж
байна. Дүн нь хараахан эцэслэн гарах болоогүй ч улсын хэмжээнд “Эх орны
хишиг”-ээс хувь хүртэхийг хүссэн иргэн бүр төрдөө данстай, түмнийхээ
дунд бүртгэлтэй болох гарцыг энэ хөтөлбөр олгож чадсан гэж болно.
Түүнчлэн Үндэсний статистикийн хорооноос анх удаа Хүн ам, орон сууцны
тооллогыг улс даяар зохион байгуулж, уг тооллогод хамрагдаагүй иргэдийн
өмнө төрийн үйлчилгээ хаалттай гэдгийг тодотгож өгсөн байгаа. Ингэснээр
ирэх оны хоёрдугаар сард та бид Монгол Улс хэдэн малтай тухай мэдээг бус
монголчууд хэдүүлээ вэ гэдэгт илүү үнэн хариултыг олж мэдэх юм. Мөн
энэхүү тооллогын үр дүнд ирэх оноос сар бүр иргэдэд олгох 21 мянган
төгрөгийг ч хэдэн хүн хүртэх вэ гэдэг нь тодорхой болох ажээ. Ийнхүү
Монгол Улсын хүн амыг 2.5-2.6 сая гэж барагцаалдаг тоон үзүүлэлт бодит
хариулттай болох нь 2010 онд хамтарсан Засгийн газрын хийж чадсан
хамгийн сайн ажил байх нь тодорхой.

ЛОНДОН МОНГОЛ УЛСАД ХАТУУРХАВ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төсвийн менежер, Ажлын албаны дарга
Б.Хурцын эрэлд Монголын төр мордож, “Хаачив” гэдэг ээдрээт асуултаар
хоёр өдөр эрж хайсны дүнд түүний сургийг гаргажээ. Нэгэн цагт тухайн
үеийн эрх баригчдын шийдвэрийн дагуу Германы нутаг дэвсгэрээс талийгаач
Д.Энхбатыг хууль бусаар хил давуулан авчирсан Б.Хурц дарга өдгөө Лондонд
хоригдож байгаа. Энэ үйлдэл хил хязгааргүй найрамдалт харилцаа улс орны
хооронд бий болсон ч хуулийн хэм хэмжээг даяарчлал давж гардаггүй
гэдгийг монголчуудад нотолсон гэхэд болно. Цэрэг, тагнуул, цагдаагийн
албан хаагч зөвхөн тушаал биелүүлдэг гэх дүрмийн дагуу ажилласан Б.Хурц
даргын асуудлыг ирэх оноос нааш шийдэхгүй гэдгээ Лондонгийн тал
мэдэгдсэн. Улмаар Гадаад харилцааны яамнаас дэд сайд Б.Болор тэргүүтэй
ажлын хэсэг Б.Хурцыг эх оронд нь авчирахын төлөө ажиллаж байгаа ч
хариулт нь тодорхой бус байсаар л. Хуулиа мөрддөг оронд хууль нь жинхэнэ
утгаараа хууль байдаг гэдгийг нотлох Английн дүрэм журам хоёр улсын төр
засгийн найрамдалт харилцааг хүчгүйдүүлдэг ажээ. Улмаар Монгол Улс дахь
Английн элчин сайдын яамнаас Б.Хурцын эхнэрт удаа дараа виз олгохоос
татгалзсан нь ч нөхцөл байдлыг бүр ээдрээтэй болохыг илэрхийлнэ. Ямартай
ч тухайн үеийн эрх баригчид юуны төлөө Д.Энхбат агсныг нууцаар
баривчлан авчирах аалгавар өгсөн нь тодорхойгүй ч Монголын төр тушаал
өгсөн шигээ хамгаалж чадах эсэх нь эргэлзээтэй гэдгийг энэхүү үйл явц
харуулж өглөө.

ИХ ӨРИЙН АСУУДАЛД ГАРЦ НЭЭГДЭВ

Энэ оны хамгийн сүүлчийн онцлох үйл явдал бол яах аргагүй Ерөнхий сайд
С.Батболдын ОХУ-д хийсэн айлчлал. Манай улсын Ерөнхийлөгчийг бус Ерөнхий
сайдыг эх орондоо айлчлахыг зорилго болгосон ОХУ-ын Засгийн газар энэ
айлчлалын үеэр бараг л реформ хийв. Ерөнхийлөгч Д.Медведев нь Халх голын
ойн баярт айлчлах үеэрээ “Танай их өр дуусаагүй байгаа шүү” гэсэн огцом
мэдээлэл дамжуулсан бол энэ удаад их өрийг дуусгаж болох хувилбар
дэвшүүлсэн юм. Уг хувилбараар бол их өрийн үлдэгдэл болох 3.8 сая
ам.долларыг нэг удаагийн гүйлгээгээр барагдуулбал манай улс дараагийн
зээл авч болох гэнэ.

Мөн удтал шийдэж чадахгүй байсан хоёр орны хамтарч байгуулахаар
тохиролцсон “Дорнод уран” компани дээр ч Монголын талын хүсэлтээр
тохиролцсон байгаа. Ингэхдээ манай улсын Цөмийн энергийн тухай хуулийн
дагуу уг компанийн 49 хувийг Оросын тал эзэмшиж, Төлөөлөн удирдах
зөвлөлийнх нь даргаар монгол хүн тавих аж. Түүнчлэн “Улаанбаатар төмөр
зам” ХК-д 125 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ гэрээгээр
баталгаажуулсан нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд Оросын талаас анх удаа
оруулж буй хөрөнгө оруулалт болох юм. Энэ бүхний төгсгөлд буулт хийх
дургүй гэдгээрээ алдартай В.Путин Монголоор “Тохирлоо” гэж ам алдсан нь
дэлхийн улс төрд ч онцгой гэмээр үйл явц боллоо.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж