Өнгөрсөн баасан гаригт “Central Tower”-ын “Monet” ресторанд “Mining Journal Awards-2010” ёслолын арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Уг арга хэмжээг нээж Mongolian Mining Journal Сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Л.Болормаа хэлсэн үгэндээ, “Mining Journal Awards-ийн нэг онцлог нь оны уул уурхайн шилдэг үйл ажиллагааг шалгаруулах ажлыг олон нийтийн байгууллага, тухайлбал Mining Journal сэтгүүлийн газар анхлан зохион байгуулж буйгаараа онцлог юм. Нэг үгээр энэ бол хараат бус, хөндлөнгийн бодитой үнэлэлт гарч ирэх дүүрэн боломж гэсэн үг юм. Уул уурхайн салбарыг мөнгө хэмээн хардаг эрүүл бус хандлагыг өөрчлөхийг бид хүсч байна. Уул уурхайн салбараас баялаг хүртэхийн тулд энэ салбарыг юуны түрүүнд дэмжих ёстой юм. Уул уурхайн салбарын онцлогийг, түүний бэрхшээлийг, өндөр эрсдэлийг үнэлж харах эрүүл үнэлэмж өдгөө хурцаар үгүйлэгдэж байна. Тиймээс Mining Journal жишиг болохыг хүслээ. Уул уурхайн салбарын 2010 оны шилдэг үйл ажиллагааг зарлахдаа бид зөвхөн өөрсдийн хүч бололцоогоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Манай ёслолын эрхэм зочид, шалгаруулалтад оролцохыг хүссэн бүх байгууллага ямар нэг төлбөр төлөөгүй, ингэх ч ёсгүй юм. Уул уурхайн компаниуд зөвхөн хийсэн ажлын нарийн шалгуур үзүүлэлтүүдээрээ өрсөлдлөө” хэмээн онцолсон.
Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн З.Алтай, О.Чулуунбат, Х.Наранхүү гээд төр засгийн түшээд болоод Монголын томоохон компаниудын захирлууд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцсон юм.
“Шилдэг үйл ажиллагаа”, “Шилдэг олборлогч”, “Шилдэг эко уурхай” “Шилдэг дэвшилтэт технологи”, “Уул уурхайг дэмжигч хувь хүн, байгууллага” гэсэн номинациар Mining Journal Awards-2010-н эзэд тодорсон. Энэхүү шалгаруулалтыг мэргэжийн түвшинд явуулахын тулд уул уурхайн салбарын мэргэжлийн байгууллагуудаар явуулын санал асуулга ажиллуулж 300 гаруй санал, мөн онлайн хуудсаар дамжуулан олон нийтээс 1000 гаруй санал авчээ. Мөн уул уурхай, байгаль орчны салбарын эрдэмтэн судлаачид болон иргэний нийгмийн төлөөллөөс сонгогдсон MINING JURNAL COUNCIL-ийн бүрэлдэхүүн мэргэжлийн түвшинд шүүн явууллаа. УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяр, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Алгаа, Ашигт малтмалын газрын Уул уурхай судалгааны хэлтсийн дарга Ц.Даваацэрэн, ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвтогтох, Маркшейдерийн холбооны тэргүүн, ШУТИС-ийн зөвлөх, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор, профессор Д.Дондов, БОЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, МХЕГ-ын Байгаль орчин, Аялал жуулчлал, Геологи, Уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр, Компанийн засаглалын хөгжлийн төвийн Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нарын хүмүүс MINING JOURNAL COUNCIL-ийн бүрэлдэхүүнд багтсан юм.
“Mining Journal Awards-2010”-т оролцоно уу хэмээн уул уурхайн 148 компанид шалгуур үзүүлэлт бүхий урилгыг илгээснээс 26 компани дөрвөн номинацид өрсөлдөхөөр өөрсдийн хийсэн ажлынхаа тайланг ирүүлжээ. “Энержи Ресурс”, “Оюу толгой”, “МАК”, “Мо Эн Ко”, “Саусгоби Сэндс”, “Бороо Гоулд” зэрэг өнөө цагийн уул уурхайн хөгжлийг тодорхойлж байгаа компаниудаас гадна “Эрдэнэт” УБҮ, “Монполимет”, “Багануур” зэрэг олон арван жил Монголын уул уурхайн хөгжлийн нүүр царай болж явсан томоохон компаниуд ч нэрээ дэвшүүлсэн. Мөн “Таван Талст”, “Булган Гангат”, “Танан Импекс”, “Шижир Алт” зэрэг орчин үеийн дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй шинэ компаниуд ч оролцсон нь “Mining Journal Awards-2010”-ыг ямар чанар чансаатай, өрсөлдөөнтэй болгосныг илтгэнэ.
Ийнхүү эдгээр компаниудаас шилдгийн шилдгийг шалгарууллаа. “Шилдэг олборлогч” номинацийн эзнээр “МАК” тодорч, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт шагналыг нь гардуулж өгөв. Тус компани энэ оны 12 дугаар сарын 17-ны байдлаар нийт 5.1 сая гаруй тонн нүүрс олборлосон үзүүлэлтээрээ Монгол Улсын уул уурхайн салбарын 86 жилийн түүхэн дэх нүүрс олборлолт, борлуулалт, экспортын дээд амжилтыг эвдсэн аж.
“Шилдэг дэвшилтэт технологи” номинацийн ялагчаар “Эрдэнэт” УБҮ шалгарсан. Баяжуулах фабрикийн Нунтаглан баяжуулах хэсэг дэх Хөвүүлэн баяжуулалтын 3-р ээлждээ хийсэн технологийн шинэчлэлтээр жилд 4 сая тонн хүдэр авдаг байсан үзүүлэлтийг 6 сая тонн болтол өсгөж, баяжуулалтын метал авалтаа зэсээр 88 хувь, молибденоор 59 хувьд хүргэж, улмаар 3 сая орчим ам.долларын эдийн засгийн үр ашгийг авчирсан үзүүлэлт нь тус компанийг “Шилдэг дэвшилтэт технологи” номинацийн эзэн болгожээ.
Харин уг шалгаруулалтын хамгийн өрсөлдөөнтэй болсон номинаци “Шилдэг Эко уурхай” номинацийн эзнээр “Багануур” ХК тодорчээ. 1997 оноос өнөөг хүртэл нийт 137.5 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 119,2 га газарт биологийн нөхөн сэргээлтийн ажил хийж гүйцэтгэсэн, 2010 онд биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн ажлаа 100 хувь биелүүлсэн, уурхайн ойролцоох Бага Гүн нуур хийгээд ан амьтан хамгаалах үйлс нь тус компанийг “Шилдэг Эко уурхай” болгосон байна.
“Mining Journal Awards 2010”-ын хамгийн нэр хүндтэй шагнал болох “Шилдэг үйл ажиллагаа” номинацийн ялагчаар “Энержи Ресурс” компани шалгарчээ. Тус компанийн өөрийнхөө хүчээр хийж хэрэгжүүлсэн авто зам, цахилгаан станц зэрэг олон ажлыг шүүгчдийн бүрэлдэхүүн болоод олон нийт үнэлж, дээрх номинацийн эзнээр тодруулсан юм.
Уул уурхайн салбарыг дэмжигч байгууллага, хувь хүнийг шалгаруулсан. Энэ шалгаруулалтыг шүүгчдийн бүрэлдэхүүн биш зөвхөн мэргэжлийн байгууллагууд болон олон нийтийн санал асуулгын дүнгээр тодруулсан байна. “Уул уурхайг Дэмжигч байгууллага”-аар Уул уурхайн үндэсний ассоциаци шалгарч, тус байгууллагын Гүйцэтгэх захирал Н.Алгаа шагналаа гардаж авсан. Харин дэмжигч хувь хүнээр төрийн зүтгэлнүүд болоод эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид дундаас Сангийн сайд С.Баярцогт “Уул уурхайг дэмжигч хувь хүн” шагналыг хүртсэн юм. Санал асуулгад оролцсон нийт хүмүүсийн 29 хувь нь түүнийг нэрлэсэн байна. Түүний араас судлаач, эрдэмтэн Н.Болор 16 хувь, геологи эрдэс зүйн шинжлэх ухааны доктор Ч.Хурц 14 хувь, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 10 хувь, “Нээлттэй нийгэм” форумын менежер, судлаач Н.Дорждарь 9 хувийн саналыг авчээ.
Зургийн цомог энд дарж үзнэ үү.