“Ёроол”-гүй монгол ухаан

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

“Ёроол”-гүй монгол ухаан

Өмнөх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцсэн нэг асуудал санаанд орлоо. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Журмын тухай хуулийн төсөл батлагдвал УИХ 1992 онд баталсан шинэ Үндсэн хуульдаа цаг үеийн шаардлагаар зарим нэг өөрчлөлтийг хийх боломжтой болох юм. Гэхдээ 2000 онд нэг нам эрх барьж байхдаа хийсэн өөрчлөлт шиг хууль зөрчиж биш, хуулийн дагуу, тодорхой хязгаартайгаар өөрчлөх аж. Энэ хуулиар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай бус, харин өөрчлөлт оруулахдаа ямар зарчим, шалгуурыг баримталж, ямархуу хүрээнд өөрчлөлтийг хийх тухай журмыг бий болгож байгаа хэрэг. Түүнчлэн өөрчлөлт оруулж болохгүй зарим бүлэг, зүйл, заалтуудыг нь тодорхой зааж өгсөн байгаа. Тухайлбал, Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хүний үндсэн эрх, эрх чөлөөг дордуулсан, төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг үгүйсгэсэн өөрчлөлтийг оруулж болохгүй гэх мэтчилэн. Өөрөөр хэлбэл уг хуулийг баталснаар нэг талаас Үндсэн хуульд хуулийн дагуу өөрчлөлт оруулах боломжтой болж байгаа ч нөгөө талаас Үндсэн хуулийн дархлааг бий болгож, улс төрийн аль нэг нам, бүлэг, давхрагын ашиг сонирхлоор, дур зоргоор өөрчлөлт оруулахыг хааж өгнө гэсэн үг.

Хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийх явцад байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 45 саналын томьёоллоор нэгдсэн чуулган дээр санал хураалгасан. Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж эхэлсэн бол хэлэлцүүлгийг тасралтгүй хийнэ, хуулийн төслийг батлах хүртэл УИХ өөр хууль хэлэлцэхгүй”, “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал, төсөлд холбогдох Үндсэн хуулийн бүлэг, зүйл, хэсэг, заалтын үзэл баримтлалаар УИХ нэгдмэл ойлголтод хүрсэн байна” гэх мэт хатуу заалтуудыг авч хаяжээ. Эхний заалт нь УИХ-ыг Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүчээр хийх, ингэхдээ олон нийтийг хэлэлцүүлэгт хамруулах боломжгүйгээр давчуу хугацаанд хийхэд шахаж байна гэж үзсэн учраас авч хаяжээ. Тухайлбал, зарим улс орон Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахдаа олон нийтийг мэдээллээр хангах, санаа бодлыг нь сонсох үүднээс нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг 45 хоногийн зайтай хийх зэргээр хугацаа тавьж өгдөг аж. Харин хоёр дахь заалтын хувьд ажлын хэсгээс боловсруулсан “Үндсэн хуулийн зүйл, заалтуудад өөрчлөлт оруулахдаа гишүүдийн гуравны хоёрын саналаар шийдвэрлэнэ” гэсэн заалттай зөрчилдсөн тул мөн буцаасан байна. Энэ ч бас бага хэрэг.

Үнэндээ УИХ-д ямар нэг хуулийн төсөл, санал санаачлага орж ирэх тоолонд хэн дуртай нь дуртай үгээ шургуулж, түүнийг хуулийн төсөлд хавчуулчих гэж бөөн л юм болдог. Тэр нь уг хуулийн мөн чанартай нийцэж байна уу үгүй юу, шийдэх гээд байгаа асуудал нь мөн үү, биш үү хамаагүй. Хүн бүр л болсон болоогүй нэг үг хэлж, телевизийн камерт толгойгоо хавчуулахыг хичээнэ. Тэгээд гай болж нөгөөх нь ажлын хэсгийнхний анхаарлын гадуур өнгөрөөд, олонхийн дэмжлэг аваад явчихвал бүр балрах нь тэр.  Тал тал тийшээ харсан олон толгойтой, нэгдмэл бодлогогүйн гай юм байлгүй.

Сая ч гэсэн дээ, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд л бас үүнтэй нүүр тулж байгаа харагдсан. “Хүний эрх, эрх чөлөөг дордуулсан өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулж болохгүй ээ” гэнгүүт өөр нэг нь “Мал ч гэсэн төрийн хамгаалалтад байх ёстой, манай тусгаар тогтнолын баталгаа, Үндсэн хуулийн уг заалтыг хөндөж болохгүй” гээд суучихсан. Үүнийгээ Үндсэн хуулийг анх батлах үед уг заалт гишүүдийн дийлэнхи олонхийн саналаар дэмжигдэж байсан, нүүдлийн соёл иргэншлийг дэлхийд таниулж байгаа манай ганц баялаг, уул уурхай дуусна, мал үлдэнэ гэх мэтээр тайлбарлана лээ. Гэвч шинэ Үндсэн хуулийг анх баталж байх үед АИХ-ын депутатуудын 70 хувь нь тухайн үеийн нэгдлийн дарга нар байсан, өдгөө энэ нэгдлүүд бүгд үгүй болсон гэдгийг санах уу.

Дээхнэ үед, зах зээлд шилжиж, мал мянга хүрснээс болж малчид малаа адгуулж дийлэхээ болиод байхад Монголын радиогийн “Малчин” нэвтрүүлгээр Зундуйн Дорж гуай малын хулгайн тухай бүхэл бүтэн нэвтрүүлэг бэлтгэн орой бүр радиогаар цацаж, Хэн гуайн хурдан удмын адууг Хэн гуайн хүүхэд тууж авчираад мах комбинатад өгчихсөн тухай хоолой зангируулан ярьж, нөгөө муу хэдэн малчдынхаа нулимсыг бардаг байв. Түүнээс болж малын хулгайчид оноодог ялыг хүн амины хэргээс илүү чангаруулсан. Гэтэл одоо харин хүний хулгай, хүний эрхийн асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихээд байхад төр нь хүнээ хамгаалж чадахгүй байж малаа л ярьсаар суух уу. Уг нь бол мал ч гэсэн хувийн өмч, хувийн өмчийг хуулиар хамгаалсан нийгэмд бид амьдардаг. Үндсэн хуулиндаа “өмчийн бүх хэлбэрийг ялгаварлалгүйгээр хуулиар хамгаална” гээд заачихсан.

Ер нь ч тэгээд мал аж ахуй уул уурхайд зайгаа тавьж өгөх эсэх нь Хүнс, хөдөө аж ахуйн сайдын бодлого, зах зээлийнхээ шаардлагаас шалтгаалахаас биш, Үндсэн хуулинд хүний эрх, засаглалын менежмэнттэй зэрэгцэж тавигдаад байдаг асуудал ч бас биш л байлтай. Ийм нэг тэмээ гэхээр ямаа яриад, хүн гэхээр малаа сөргүүлээд эхэлдэг үзүүр, ёроолгүй “монгол” ухаан хэзээ нэг учир зүйгээ олохыг бүү мэд. Нийтлэлч Б.Цэнддоо саяхан нэгэн сонирхолтой нийтлэл бичсэн байна, "Вайреластай морь" гэж. Монгол ухаан болоод хүний ухаан, монгол ухаанаар шүтэх
хийгээд хүний ухаанаах шүтэх нь хоорондоо эрс ялгаатай тухай.

…Монголчуудын
өвөг дээдсийн онгон шүтээн бол  чоно.  Монголчууд шүтээнээ “ижил
тэнгэртэйд нь харагдаж, илүү тэнгэртэйд нь алагдана” хэмээн үзнэ.
Үргээлгэ, отоо цөм нэг маягийн мөргөл болж таарч байна.   Цэл залуухан
монгол судлаачийн  “Танайхан жилд хичнээн ламыг….” гэсэн асуулт үүний
нэг жишээ юм.  Тэрээр монголчууд чоноо хэрхэн шүтдэгийг судлаад алах
замаар дээдэлдгийг олж мэдсэн байна. Эндээсээ буддын шашныг лам нараа
юу яах замаар шүтдэг гэж ухаарчээ. Түүгээр ч барахгүй 1930-аад онд
гучин мянган ламаа шүтээний зорилгоор яасан юм байна. Чекистүүд нь “лам
болбоос ижил тэнгэртэйд нь харагдаж, илүү тэнгэртэйд нь буудуулмой”
гээд явсан гэх дүгнэлтэд хүрчээ… гэж.

Энэ долоо хоногт УИХ-аар бас нэг том хуулийн төсөл орж ирнэ. Сонирхлын зөрчлийн тухай, төрийн албан тушаалтан, албан хаагчдын эрх үүргийг хувийн ашиг сонирхлоос нь тусгаарлаж өгөх, ингэснээр авлига, албан тушаалын хэргийг зааглан, төрийн албыг цэвэр тунгалаг болгох тухай хуулийн төсөл л дөө. Гэвч энэ хэлэлцүүлгийн үеэр хэн нь дахиад бас ямар санал гаргаж ирээд, юугаа сөргүүлж тавиад гацаах бол гэхээс чих улайж, нүд халтираад байна аа.

Б.СЭМҮҮН       

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж