Баасан гаригийн үдэш МҮОНТ-ийн “Студи-600”-д спортын салбарт хүчин зүтгэж, амьдралаа зориулж яваа тамирчин, дасгалжуулагчид, спорт хороодын удирдлагуудаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Батлан хамгаалахын сайд Л.Болд болон УИХ-ын гишүүд хүрэлцэн ирж, шилдэг тамирчдад шагналыг нь гардуулсан юм. Батлан хамгаалахын сайд Л.Болд Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд тэрбээр 2010 оны шилдэг холбооны ерөнхийлөгчөөр тодорсон.
2010 онд амжилтаараа ялгарч, олон улс, тив, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргаж, Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг харийн тэнгэрт мандуулсан 36 тамирчин шилдэг тамирчин номинацид нэр дэвшин өрсөлдсөнөөс чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэг шилдгийн шилдгээр тодорсон. Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх анхны эмэгтэй дэлхийн аварга болсон тэрбээр 35 жилийн дараа Москвагийн дэвжээнээс эх орондоо дэлхийн аваргын алтан медалийг авчирч, ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын зургаа дахь, харин дэлхийн аварга цол хүртсэн манай дөрөв дэх тамирчин болсон билээ. Чөлөөт бөхийн хамгийн залуу дэлхийн аварга С.Батцэцэг 1990 онд төрсөн, “Хилчин спортын хорооны тамирчин бөгөөд тэрбээр хойд хөршийн нийслэл Москва хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд аваргалж, мөн энэ жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм. Түүнчлэн дэлхийн аварга С.Батцэцэгийг дасгалжуулж байсан Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч З.Дүвчин оны шилдэг дасгалжуулагчаар тодорсон бол оны шилдэг залуу тамирчнаар “Сингапур-2010” өсвөрийн олимпийн аварга гимнастикч Г.Эрдэнэболд шалгарсан юм.
Мөн “Гуанжоу-2010” Азийн XVI наадамд амжилттай оролцож, түүхэн амжилт гаргасан Монголын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид оны шилдэг багаар тодорлоо.
Сонирхуулахад, улиран өнгөрч буй 2010 он Монголын спортын салбарт ээлтэй байж, олон улсын чанартай уралдаан, тэмцээнээс Монголын тамирчид маань нийт 120 алт, 85 мөнгө, 139 хүрэл медаль эх орондоо авчирчээ.
“Бөртэ чоно-2010” наадмын шилдгүүд
Шилдэг тамирчин (36 нэр дэвшигчээс)
1-р байр Соронзонболдын Батцэцэг /чөлөөт бөх/ – 509 оноо
2-р байр Мөнхбаатарын Бундмаа /жүдо бөх/ – 420 оноо
3-р байр Хашбаатарын Цагаанбаатар /жүдо бөх/ – 328 оноо
4-р байр Ганзоригийн Мандахнаран /чөлөөт бөх/ – 253 оноо
5-р байр Гэлэгжамцын Наранчимэг /чөлөөт бөх/ – 240 оноо
6-р байр Цагаандалайн Хонгорзул /буудлага/ – 225 оноо
7-р байр Мөнхбатын Даваажаргал /мэргэжлийн сумо/ – 198 оноо
8-р байр Батжаргалын Ганбат /үндэсний бөх/ – 146 оноо
9-р байр Батхуягийн Мөнгөнтуул /шатар/ – 132 оноо
10-р байр Бат-Очирын Сэр-Од /хөнгөн атлетик/ – 97 оноо
Шилдэг залуу тамирчин (4 нэр дэвшигчээс)
Ганбатын Эрдэнэболд /гимнастик/ – 129 оноо
Баатарзоригийн Батцэцэг /чөлөөт бөх/ – 123 оноо
Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ /шатар/ – 59 оноо
Шилдэг дасгалжуулагч (17 нэр дэвшигчээс)
Зэвэгийн Дүвчин /чөлөөт бөх/ – 144 оноо
Чимэдбазарын Насантогтох /жүдо бөх/ – 40 оноо
Арслангийн Цэдэнсодном /чөлөөт бөх/ – 33 оноо
Шилдэг баг (3 нэр дэвшигчээс)
Сагсан бөмбөг. Эрэгтэйчүүдийн шигшээ баг – 41 санал
Холбооны шилдэг ерөнхийлөгч:
Батлан хамгаалахын сайд Л.Болд /Монголын хөнгөн атлетикийн холбоо/
Холбооны шилдэг ерөнхий нарийн бичгийн дарга:
Б.Жияандорж /Монголын адал явдалт спорт аяллын холбоо/
Шилдгийн шилдэг спорт холбоо:
Л.Чинбат ерөнхийлөгчтэй Монголын чөлөөт бөхийн холбоо
Шилдэг спорт холбоод:
Монголын самбо бөхийн холбоо
Монголын шатрын холбоо
Монголын гимнастикийн холбоо
Монголын жүдо бөхийн холбоо
Шилдэг шүүгч:
Э.Мөнхбилэг /ширээний теннис/
Шилдгийн шилдэг олимпийн зөвлөл:
Сэлэнгэ аймгийн “Барселона”
Шилдэг олимпийн зөвлөл:
Өвөрхангай аймгийн “Монреаль”
Дархан-Уул аймгийн “Токио”
Шилдгийн шилдэг спорт клуб:
“Хангарьд”
Шилдгийн шилдэг бүтээн байгуулалт: “Шинэ спортын ордон”